– Ханган нийлүүлэгчдийн тогтвортой сүлжээг бий болгох зорилготой –
Монгол улс, Улаанбаатар хот –
Оюу Толгой ХХК-ийн Үндэсний ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх хэлтсээс шинээр бизнес бий болгох, хөгжүүлэх тухай мэдээлэл өгөх уулзалтыг сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Өмнөговь аймгийн Ханбогд сум болон Улаанбаатар хотод тус бүр 2 удаа зохион байгуулж, нийт 230 гаруй компани, иргэд, аж ахуйн нэгжүүд оролцжээ.Оюу Толгой ХХК үндэсний ханган нийлүүлэгчдийг дэмжих ажлынхаа хүрээнд ханган нийлүүлэгчдийн тогтвортой сүлжээг бий болгох, Өмнөговь аймгийн бизнесийг хөгжүүлэх зорилго тавин ажилладаг. Оюу Толгой уурхайн үйл ажиллагаанд урт хугацаанд ашиглагдах бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах 40 гаруй тендерээс техник, тоног төхөөрөмж түрээслэх, шохой, буталсан шохойн чулуу нийлүүлэх, тээврийн хэрэгслийн дугуйн засвар үйлчилгээ үзүүлэх, техник, тоног төхөөрөмж, багаж нийлүүлэх тухай, металл бэлдэц, бүтээгдэхүүн нийлүүлэх зэрэг 6 тендерийг энэ сарын 14 хүртэл зарласан юм. Энэхүү худалдан авалтад үндэснийн ханган нийлүүлэгчдийг оролцуулах, нэн ялангуяа Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчдийг түлхүү оролцуулах, бодлого баримталснаар орон нутгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжих юм.
Уулзалтын үеэр Оюу Толгой ХХК-ийн Худалдан авалт хариуцсан Дэд ерөнхийлөгч Айван Велла “Шинээр байгуулагдсан Бизнес хөгжлийн шинэ баг нь Монголын аж ахуйн нэгж, компаниудын бизнесийн хөгжил, дэвшлийг дэмжих, хөгжүүлэх ажлууд хийж байгаад баяртай байна” хэмээн ярилаа.
Оюу Толгой компани жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний ханган нийлүүлэгчдэд боломж олгох, тэднийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжих бодлого баримталдаг. Энэ ажлынхаа хүрээнд төрөл бүрийн сургалт явуулах, санхүүгийн хөрөрнгө оруулалтаа шийдвэрлэх аргыг нь судлах, олон улсын компаниудтай хамтарч ажиллахад нь туслалцаа үзүүлэх зэрэг ажлуудыг хийж байна.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.