– Шаардлага хүргүүлсэн УИХ-ын зарим гишүүдийн мэдэгдэл нь Хөрөнгө оруулалтын гэрээний бодит байдалд нийцэхгүй байна –
Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газарт шаардлага хүргүүлээд байгаа билээ. Шаардлага хүргүүлсэн гишүүдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өгсөн мэдэгдэл нь Хөрөнгө оруулалтын гэрээний бодит байдлаас зөрж байгаа учраас Оюу Толгой ХХК-ийн зүгээс бодит мэдээллийг цуврал болгон хүргүүлж байна.
Монголын баялгыг гадныхан хяналтгүй цөлмөх бололцоог Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ олгосон төдийгүй 2 талд харилцан ашигтай байхаар өөрчлөн шинэчлэх шаардлагатай гэжээ.
Бодит байдал юу гэвэл Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ хоёр талд харилцан ашигтай хийгдсэн хууль, эрхзүйн баримт бичиг юм. Жишээ нь, Монгол Улсын Засгийн газар нь хувьцаа эзэмшигчийн хувьд ногдол ашиг авахаас гадна байгалийн нөөц ашигласны төлбөр, орлогын албан татвар, НӨАТ, гаалийн татвар болон бусад татвар, хураамж хэлбэрээр Оюу Толгойн нийт үр ашгийн 71 хүртэлх хувийг хүлээн авна гэж Олон Улсын Валютын сан тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, Оюу Толгойгоос олох 100 төгрөг тутмын 71 хүртэлх төгрөгийг Монголын ард түмэн шууд хүртэнэ гэсэн үг юм.
Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ нь УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолд нийцэхгүй байгаа болон Үндсэн хууль зөрчсөн луйврын гэрээ болсон хэмээн УИХ-ын зарим гишүүд үзэж байгаа тухай хэвлэлд дурьджээ.
Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж болон Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд байгуулсан бөгөөд Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Хөрөнгө оруулалтын гэрээ нь УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоол болон Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн болохыг 2011 оны 10 дугаар сард дахин баталгаажуулсан юм.
Оюу Толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний бодит байдалд үл нийцэх мэдэгдэл гарч байгаа нь нийгэмд эргэлзээ төрүүлж байна. Тиймээс эрхэм уншигч, Монгол түмнийг http://www.ot.mn/mn/about-us/investment-agreement цахим хуудаснаас Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээтэй танилцаж бодитой, зөв мэдээлэл авахыг уриалж байна.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.