Амжилтын түүх: Эх байгалиа унаган төрхөөр нь…

Дэлхий нийтээр уул уурхайн компанийг байгалиа ямар түвшинд нөхөн сэргээж байна, хэр зэрэг ээлтэй бодлого хэрэгжүүлж байна вэ гэдгээр нь дүгнэдэг. Оюу Толгой компани нөхөн сэргээлтийн хамгийн орчин үеийн техник, технологи хэрэглэж, дэлхийн шилдэг стандарт, туршлагуудыг хэрэгжүүлж байна. Энэ бүхэн хийж байгаа ажлууд, гарсан үр дүнгээр хэмжигдэж байгаа.

Нөхөн сэргээлтийн ажил газар хөндөхөөс эхлээд байгаль унаган төрхөндөө орох хүртэл нарийн төлөвлөгдөж, цаасан дээр буусан байдаг. Иймээс төлөвлөгөөний дагуу өнгөн хөрсөө эхэлж хуулаад, тогтоосон газар, тогтоосон өндөр, хэмжээтэй хадгалдаг. Газар шорооны ажлаа дуусгаж буцаагаад шинэ хөрсөөр биш яг хуучнаар нь хучих учраас эргэж унаган төрхөндөө богино хугацаанд орно. Хучсан хөрсөө тракторын цант борнойгоор хөрсөнд ховил гаргаж самнана. Ингэснээр ховилд борооны ус тогтохоос гадна цацсан үр салхинд хийсэхгүй үлддэг. Энэ бол нөхөн сэргээлт амжилттай хийгдэх нэг алхам.

Дараа нь энэ газартаа нутгийн ургамлуудыг үрээр нь тарьдаг. Оюу Толгой Монголд анх удаа иж бүрэн автомат төхөөрөмж бүхий хүлэмжтэй мод үржүүлгийн газар байгуулсан. Энд говийн нөхцөлд ургах боломжтой нутгийн үрийг цуглуулан бэлтгэж цэвэрлээд, дараа нь хүлэмжиндээ үрслүүлж, үүнийгээ гадаах талбайдаа шилжүүлэн байгалийн зохилдолгоонд дасгаж, нөхөн сэргээлтдээ ашиглаж байна.

Нөхөн сэргээлтийн талбай их хэмжээтэй учраас, хүн хүч хэмнэсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техникүүд ашиглаж байгаа. Үүний нэг бол Монголд анх удаа оруулж ирсэн АНУ-д үйлдвэрлэсэн Титан 400 хэмээгч устай үрлэгч машин юм. Ижил төрлийн машинуудаасаа овор хэмжээ, бүтээмжээрээ хамгийн том нь. Энэ машин 15 тоннын багтаамж бүхий танктай бөгөөд энд ус, ургамлын үр, бордоо, бэхжүүлэгч гэх мэтийн бүх бодис материалаа хийхэд холигч нь өөрөө зуурч бэлтгээд даралттай шүршигч насосаар талбайд цацна. Танкнаасаа 70 хүртэл метр зайд цацалт хийх хүчин чадалтай байдаг.

Үүнээс гадна Олон улсын Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO 14001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Энэ онд Олон улсын стандартын байгууллагаас амжилттай нэвтрүүлсэнийг илтгэх батламжаа авахаар зорин ажиллаж байгаа юм.

Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг хэрхэн үнэлж болох вэ? Мэдээж байгаль унаган төрхөндөө орсон уу, тэнд хөрс, ургамал, амьтан эргээд сэргэсэн үү гэдгээр нь. Тэгвэл Оюу Толгой ХХК бүтээн байгуулалтын ажлууд хийсэн талбайдаа энэ бүхнийг бодитоор нь харуулж байгаа. Оюу Толгой компани усан хангамжаа шийдэхээр 70 км газраас хоолой татаж, газрын гадаргаас доош суурилуулан, их хэмжээний газар шорооны ажил хийсэн ч өнөөдөр хуучин байсан бүхэн урьдын адил сэргэж, ургамал ургаж, цэцэг алагласан байна. Бүр ямар амьтан, хорхой шавьж байсан тэрийг нь цаашдаа сэргээнэ.

Нөхөн сэргээлтийн эцсийн үр дүн бол ердөө л энэ. Амжилтыг хүн бүхэн харж болохоор.