Амжилтын түүх: Хамтдаа…

Оюу Толгой ХХК Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчидтай хамтраад худаг усныхаа хяналт, шинжилгээ хийж байна. Энэ бол амьдралаас урган гарсан ажил хэрэгч санал, санаачилга. Оюу Толгой ХХК энэ чиглэлээр 'Хамтын оролцоонд тулгуурласан байгаль орчны хяналт, үнэлгээ' гэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлж байна. Цогц гэхийн учир нь уснаас гадна ургамал, ан амьтан, тоос, дуу чимээнд ч хяналт, шинжилгээ хийж байгаа.

Говь бол хангайгаас өвөрмөц. Гол мөрөн байхгүй. Голдуу худгийн ус хэрэглэнэ. Тиймээс худгийн усныхаа түвшин буурч байна уу, ундарга нь яаж байна, ямар нэгэн гадны нөлөө байна уу гэсэн олон асуулт малчдад тулгарна. Эдгээр асуултуудын хариуг гагцхүү хяналт, шинжилгээ хийж л мэдэх боломжтой.

Өмнө нь малчид зөвхөн шинжилгээний дүн сонсож, өөр өөрийнхөө ажиглалтын аргаар явж байсан бол өнөөдөр байдал эрс өөрчлөгджээ. Малчид өөрсдөө худгийн усандаа хяналт шинжилгээгээ хийчихнэ. Үүний өмнө тодорхой сургалтуудад суугаад наад захын мэдлэгтэй болчихсон болохоор хэзээ, яаж шинжилгээ хийхээ мэднэ. Харин  Оюу Толгой компани шаардлагатай байршил тогтоогч, зургийн аппарат, туузан метр, хэмжилтийн хүснэгт, гарын авлагаар хангаад өгчихсөн байгаа. Тэдний хувьд бүдүүн тоймоор биш илүү шинжлэх ухааны үндэслэлтэй, орчин үеийн багажаар ажиллаж, усны түвшин, бэлчээрийн гарц юунаас болоод нэмэгдэж, хасагдаж байна вэ гэдгийг тодорхойлох боломжтой болсон юм.

Оюу Толгой ХХК-ийн байгаль орчны хяналт шинжилгээний бүх мэдээлэл хүмүүст нээлттэй. Гэхдээ илүү нээлттэй болгохын тулд малчидтай хамтран ажиллаж байгаа. Хамтарна гэдэг хамтдаа ажиллахаас гадна тэдэнд илүү итгэл хүлээлгэж, бие даан ажиллах боломж олгож байгаа хэрэг. Энэ ажил малчдын хувьд өөрсдөд нь хэрэгтэй ажил учраас тэд сэтгэл хангалуун явдаг. Усандаа шинжилгээ хийнэ гээд өдөр, шөнөгүй худгаа сахиад суухгүй. Ердөө малаа услахын өмнө болон дараа усны түвшний хэмжилтийг хийж тэмдэглэл хөтлөөд л болоо.

Энэ ажил амжилттай, ажил хэрэгчээр эхэлсэн. Үр дүн ч гарч байгаа. Өнөөдөр малчид худгийн усныхаа зөвхөн түвшинд нь хэмжилт хийж байна. Цаашдаа ундарга болон хур тунадасны хэмжилтийг нэмж хийхээр төлөвлөсөн. Өнгөрсөн онд анх 9 малчин энэ хөтөлбөрт оролцож эхэлсэн бол өнөөдөр 20 болж нэмэгдсэн. Үүнээс гадна энэ ажил бидэнд хэрэгтэй юм байна, оролцож болох уу гэсэн хүсэлт ч малчдаас их ирж байгаа. Мэдээж байгаль дэлхийтэйгээ илүү ойр байдаг малчдын хувьд хөтөлбөрт оролцох нь мэдлэгтэй болох, итгэл үнэмшил төрөх гээд олон талын ашигтай. Нөгөө талаар хамтын ажиллагааны үр дүн гарч байгаагийн илрэл.

Харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа олон амжилтын эхлэл юм даа.