-Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт 30 оюутан шинээр хамрагдлаа-
Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК Өмнөговь аймагт 8 дахь жилдээ оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн 2012 – 2013 оны хичээлийн жилийн сонгон шалгаруулалт болж, 30 оюутан шинээр хамрагдан сургуулиа төгстөл сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийн тэтгэлэг хүртэх эрхтэй боллоо.
Тэтгэлэгт хөтөлбөр нь аймагтаа хэрэгцээ шаардлагатай мэргэжлээр амжилттай суралцаж, төгсөж ирээд орон нутагтаа ажиллах хүсэл сонирхолтой Өмнөговь аймгийн харъяат оюутан залууст санхүүгийн дэмжлэг үзүүлэх, дээд боловсрол эзэмшихэд нь туслах замаар орон нутгийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилготой юм.
Оюу Толгой ХХК-ийн Орон нутгийн харилцаа нийгмийн асуудал эрхэлсэн ерөнхий зөвлөх Жанет Риэрк энэ сарын 1-ний өдөр тэтгэлэг авсан оюутнуудад батламжыг нь гардууллаа. Энэ үеэр хөтөлбөрт хамрагдахаар шалгарсан 30 оюутны 'Амжилтын түүх' нэртэй үзэсгэлэн гаргасан юм.
Энэ хичээлийн жилд хөтөлбөрт шинээр хамрагдаж байгаа 30 оюутны 18 нь Даланзадгад, 12 нь Баян- Овоо, Ханбогд, Гурвантэс, Баяндалай, Булган, Ханхонгор, Цогт- Овоо, Цогтцэций зэрэг сумынх юм. Эдгээр оюутнууд багш, бизнес, эдийн засаг, эмч, уул уурхай, хүнсний үйлдвэрлэл, мэдээллийн системийн менежмент, байгаль орчин, барилга, сэтгүүл зүй зэрэг мэргэжлүүдээр суралцаж байгаа юм.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.