Амжилтын түүх: Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг

Говьд ус бол чандмань эрдэнэ. Бид энэхүү эрдэнэ болсон усаа хайрлах, хамгаалах, илрүүлэх, арвилан хэмнэх бүхий л боломж нөөцийг ашиглаж байна. Хийж байгаа ажлууд маань үр дүнтэй, амжилт бүтээл ч дүүрэн байгаа.

Монголын эдийн засгийн хурдасгагч болсон Оюу Толгой уурхай тун удахгүй анхны хүдрээ боловсруулж эхэлнэ. Уурхайд мэдээж ус ашиглана. Гэхдээ усны хэрэглээг хамгийн бага түвшинд байлгах, боломжтой тохиолдолд ус хэрэглэдэггүй, хэрэглэсэн бол хамгийн бага байлгах технологи ашиглана. Бас хэрэглэсэн усаа дахин ашиглана. Усыг дахин ашиглах энэ хэлбэр нь дэлхийн хамгийн өндөр хэмжээний арвилан хэмнэлтийн загварт багтдаг. Ёстой л үүнээс цааш далай үгүй гэдэг шиг үүнээс сайн загвар өнөөдөртөө дэлхийд байхгүй.

'Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг' гэсэн үг бий. Оюу Толгой ХХК айл саахалт малчидтайгаа санаа нэгтэй ажиллаж байна. Том, бага аль ч ажилд илэрдэг. Өнөөдөр бид малчидтай хамт худаг усныхаа хяналт, шинжилгээг хийдэг. Нэг нь хийж, нөгөөх нь дахин баталгаажуулах шаардлагагүй. Өөрсдөө нүдээрээ хамтдаа үзэж шалгаад, хянаад явчихна.  

Бид говьд мартагдах шахсан нэг уламжлалыг сэргээлээ. Энэ бол гар худаг засаж сэлбэх ажил. Одоогоос 30-аад жилийн тэртээ социализм гэж байхад олон нийтийн хүчээр ийм ажил хийж байсан түүхтэй. Өнөөдөр худаг засах ажил өртөг өндөртэй, хүн хүч их шаардах болохоор санаачилга гаргах хүнгүй, гаргасан ч ажил хэрэг болох нь ховор. Малчид байгаа хэдийгээ аргалаад өнөө маргаашаа өнгөрөөж байсан. Ханбогд сумын нутаг дахь дарагдсан, ус нь багассан худгуудыг 2010 оноос эхлэн засаж, сайжруулсан. Одоо тоо нь 20 гарчихаад байна. Бид өнөөдөр үнэ өртөгийн талаас биш үр өгөөжийг чухалчилж байгаа. Нэг худгийн усыг хэдэн айл өрх, хичнээн мал хэрэглэнэ гэхээр үр дүнг эдийн засгийн талаасаа тооцоолох аргагүй.

Сүүлийн жилүүдэд Ханбогд сумын хүн ам өдрөөс өдөрт өсөж байгаа. Тэнд усны хэрэгцээ байнга нэмэгдэнэ. Тиймээс нөөцийг нь тогтоох ажлыг эрчимтэй хийж байна. Мэдээж цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан том ажил. Усны хайгуулын ажлыг 2010 онд эхэлсэн. Үүний дараа өнгөрсөн онд 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар өрөмдлөгийн ажил хийж, цэвэр усны нөөцийг урьдчилсан байдлаар тогтоолоо. Энэ ажил ингээд зогсохгүй, цаашдаа дахин үргэлжилж усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хайгуул, судалгаа хийгдэнэ.