-Үүний тулд ус хамгийн бага хэрэглэх технологи ашиглана –
Монгол улс, Улаанбаатар хот –
Монгол улсын хөгжлийн тулгуур болсон Оюу Толгой уурхай удахгүй анхны хүдрээ боловсруулж эхэлнэ. Уурхайнхаа үйл ажиллагааг явуулж, үр шимийг нь Монголын ард түмэндээ хүртээхийн тулд ус ашиглах нь зайлшгүй юм.Говьд ус бол чандмань эрдэнэ. Тиймээс Оюу Толгой ХХК говийнхны эрдэнэ болсон усыг үр дүнтэй ашиглах, хамгаалах бодлогоо эн тэргүүнд тавьж, цаг үргэлж баримтлан ажилладаг. Үүний тулд усыг ариг гамтай хэрэглэх технологи нэвтрүүлэн ажиллаж байна.
Оюу Толгой уурхайд ус хамгийн бага ашиглах тоног төхөөрөмжүүд суурилуулаад байна. Мөн үйлдвэрлэлийн явцад хамгийн үр ашигтай хаягдал өтгөрүүлэгч ашиглахаар төлөвлөсөн. Үйлдвэрээс гарч байгаа хаягдал усыг бүрэн эргүүлэн татаж баяжуулах үйлдвэрт ашиглана. Үүнээс гадна хөргөлтийн усыг 100 хувь, уурхайн гүний усыг 100 хувь, ахуйн бохир усыг цэвэрлэж 100 хувь, автомашин угаалгын усыг цэвэрлэж 100 хувь дахин ашиглана.
Энэ технологийг Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны усны асуудал хариуцсан ахлах зөвлөх Марк Ньюби “Усыг дахин ашиглах загвар нь дэлхийн хамгийн өндөр хэмжээний арвилан хэмнэлтийн загварт багтдаг. Оюу Толгой ХХК усыг хамгийн хэмнэлттэй ашиглах технологи хэрэглэн, нутгийн иргэдийн ундны усны эх үүсвэрийг баталгаажуулахад дэмжлэг үзүүлж байна” хэмээн тодотгосон.
Оюу Толгой уурхайдаа усыг ашиглах явцад малчдын хэрэглээний усны эх үүсвэр болсон худаг, булаг шандад ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байхыг анхаарч байна. Үүний тулд 2003 оноос хойш усны түвшин, чанарын хяналт шинжилгээг малчдын гар худаг, хяналтын цооногууд болон ашиглалтын худгуудад хийж ирсэн юм. Усны түвшний хяналт шинжилгээг Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо сумуудын 356 уст цэгт 7 хоног, сар, улирал тутамд хийж гүйцэтгэдэг. Харин усны чанарын хяналт шинжилгээг ундны усны эх үүсвэрүүд, цэвэрлэх байгууламж болон ус түгээх сүлжээний 261 цэгт улирал тутамд хийж байна.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.