Хэвлэлийн мэдээ: Уурхайн гүнээс аваргын энгэрт

– Үзэсгэлэнгээ нээж, баатаруудаа танилцууллаа-

Монгол улс, Улаанбаатар хот – 2012 оны Лондонгийн Олимп эхлэхэд хэдхэн хоног үлдэж, дэлхийн сая сая хүмүүс наадмыг тэсэн ядан хүлээж байна. Тэгвэл Лондонгийн Олимп, паралимпийн медалийг урлах үнэт металын албан ёсны нийлүүлэгч, Монголын Оюу Толгой төслийг хамтран хэрэгжүүлэгч Рио Тинто компани ‘Уурхайн гүнээс аваргын энгэрт’ үзэсгэлэнгээ өчигдөр нээлээ. Лондонгийн олимпийн медаль хэрхэн бүтсэн түүх, Рио Тинто компани болон олимпийн наадмын түншлэлийн тухай харуулсан энэхүү үзэсгэлэн 9 дүгээр сар хүртэл олон нийтэд нээлттэй байх юм.

Үзэсгэлэнг нээж Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал, Рио Тинто компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Камерон МакРей “Рио Тинто Монголын Үндэсний Олимпийн Хорооны Алтан түнш болж, Монголын Олимпийн багийг дэмжиж байна. Бид олимпийн багийг дэмжихийн зэрэгцээ Олон улсын хэмжээний мастер, жүдо бөхийн тамирчин П.Лхамдэгд, Олон улсын хэмжээний мастер, чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран нарыг элч тамирчнаараа өргөмжлөн хамтран ажиллаж байгаа. Үүний зэрэгцээ Олимпийн хүрэл медальт жүдо бөхийн тамирчин Х. Цагаанбаатарыг элч тамирчин болгосон” хэмээн хэллээ.

Мөн энэ үеэр ‘Рио Тинтогийн баатарууд’-ын ялагчдыг танилцуулсан юм. Рио Тинто компани өөрийн бүх ажилтныхаа дунд нэгэн өвөрмөц аян зохион байгуулсан. Хэд хэдэн үе шатаар ялагчдаа тодруулсан энэхүү арга хэмжээнд Рио Тинто группын 40 улсын 77 мянган ажилтан оролцжээ. Энэ аяны ялагчид Английн нийслэл Лондон хотоор 3 хоног аялах эрх, Лондон 2012 зуны олимпын наадам үзэх тасалбараар шагнуулсан байна. Дэлхийн хэмжээнд Рио Тинтогийн баатараар шалгарсан 80 ялагчийн дотор Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК-ийн Нөөцийн ахлах геологич Т.Отгонбаяр, Металлургийн судалгааны ахлах мэргэжилтэн М.Ганболд, Байгаль орчны ажилтан О.Цээсүрэн нар багтжээ.

Дашрамд өгүүлэхэд Рио Тинто нь Олимп, паралимпийн 4700 алт, мөнгө, хүрэл медалийг Лондон 2012 Олимпийг зохион байгуулах хороонд 7 дугаар сарын 2-нд гардуулж өгсөн юм.

Оюу Толгойн Мэдээллийн төв-д байрлах ‘Уурхайн гүнээс аваргын энгэрт’ үзэсгэлэнд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.