Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой шагайн багийнхаа амжилтыг үнэллээ

– Багаа дахин 20 сая төгрөгөөр ивээн тэтгэхээ зарлаж, шагай харвааны иж бүрэн хэрэгсэл бэлэглэхээр боллоо-

Монгол улс, Улаанбаатар хот – Ардын хувьсгалын 91 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөлд М.Доржсүрэн ахлагчтай 'Оюу Толгой' баг тэргүүн байр эзэлсэн билээ.  Оюу Толгой компанийг төлөөлөн оролцсон шагай харвааны баг улсын наадамд эрч хүчтэй, сайхан наадсанд нь баяр хүргэхээр, багийн 9 гишүүнийг Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Камерон Макрэй өнөөдөр хүлээн авч уулзлаа.  Тэрээр “Шагай харваа бол багийн спорт.  Бие биенээ дэмжиж мөн тус бүртээ хичээж байж багт амжилт ирдгийн жишээг манай шагай харваан багийнхан харууллаа.  Оюу Толгой компанид ч бид багийн ийм зарчмаар ажилладаг. Та бүхэнд баяр хүргэе” гэж хэлсэн юм.

Оюу Толгой ХХК шагайн багийнхаа амжилтаар баярлаж бахархаж байгаагаа хэлсэн. Цаашид амжилтаа бататган, энэ спортод шинэ залуу үеийг сургах үйлст нь зориулж, дахин 20 сая төгрөгөөр ивээн тэтгэхээ мэдэгдсэн юм.

Шагайн харвааны баг Оюу Толгой ХХК-тай 2011 оноос хамтран ажиллаж, энэ оноос Оюу Толгой багаа бүрдүүлэн, уралдаан тэмцээнд оролцож эхэлсэн.  Өмнө нь аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 5 дугаар байр, Улсын аварга шалгаруулах тэмцээнд 4 дүгээр байр эзэлсэн амжилт үзүүлж байсан баг юм.

Оюу Толгой ХХК соёлын өвийг хадгалах, хамгаалах хөтөлбөртөө өнөөдрийн байдлаар хоёр тэрбум төгрөг зарцуулаад байна. Энэ хөтөлбөрөөр соёлын биет бус өв, археологийн дурсгал, палеонтологийн дурсгалыг хадгалан хамгаалах төлөвлөгөө хэрэгжүүлэн ажилладаг.  Соёлын биет бус өвөөр уртын дуу, ардын тоглоом наадам, үндэсний спортыг хамгаалан сэргээх, залуу үед өвлүүлэн сургах, дэмжих зэрэг олон ажлууд хийж байгаа юм.  Үүний зэрэгцээ байгалийн болон хүний гараар бүтсэн бүс нутгийн соёлын өв бүхий газар нутгуудыг каталогжуулах, хамгаалах, эртний дурсгалт сүм хийдийг сэргээх зэрэг олон ажлуудыг төлөвлөн гүйцэтгэж байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.