-Өмнийн говьд олон улсын стандартад нийцсэн нисэх онгоцны буудал барьж байна-
Монгол улс, Улаанбаатар хот – Монгол орны өмнийн говьд анх удаа олон улсын стандартад нийцсэн нисэх буудлын цогцолбор баригдаж байна. 'Ханбумбат' нэртэй нисэх буудлын цогцолборыг Оюу Толгой төслийн санхүүжилтээр барилгын менежментийн Флюр компанийн удирдлагаар Монголын 'Арц суварга', 'Эй Си Эйч Сервис' зэрэг компаниудын 500 гаруй ажилчид олон улсын стандартын дагуу барьж гүйцэтгэж байгаа юм. Уг нисэх буудалд Боинг 737, С 130 онгоц буух боломжтой төдийгүй зорчигч үйлчилгээний барилга, агаарын хөдөлгөөн удирдах цамхаг, галын аюулгүй байдлыг хангах иж бүрэн хэрэгсэл бүхий алба зэрэг олон хэсгээс бүрдэнэ. Үүнээс гадна говийн бүсэд баригдах анхны том хэмжээтэй хатуу хучилт бүхий аэродромтой нисэх буудал болох юм.
Эх газрын эрс тэс уур амьсгалтай говийн бүс нутагт 85.000 метр куб талбайг бетонон хучилттай болгох ажлыг 90 хоногийн хугацаанд олон улсын стандартын дагуу гүйцэтгэх нь томоохон сорилт болж байлаа. Тиймээс санхүүжүүлэгч болон гүйцэтгэгч компаниуд зөвлөлдөн хатуу хучилттай зам тавигч төхөөрөмж оруулж иржээ. Энэхүү төхөөрөмжийг ашиглан, шинэ технологиор богино хугацаанд ажлаа гүйцэтгэх боломж бүрджээ.
Монголд анх удаа ашиглагдах төхөөрөмжийг АНУ-ын Айова муж дахь Гомако компаниас нийлүүлсэн байна. Төхөөрөмж худалдан авах 2,5 тэрбум төгрөгийг Оюу Толгой ХХК санхүүжүүлсэн юм. Нийлүүлэгч Гомако компанийн инженер, техникийн ажилтнуудыг Оюу Толгой компани авчран Арц Суварга ХХК-ийн ажилчдыг газар дээр нь сургаж дадлагажуулан, шинэ технологио ашиглах мэдлэг чадвар олгож байна.
Замын цуваа төхөөрөмж нь Placer тэгшлэгч (PS-2600), Paver хучигч (GP-2400), Texturing Machine нягтруулагч (TC-400) гэсэн 3 хэсэг машинаас бүрддэг. Эдгээр 3 машин нь галт тэрэгний цуваатай адил гулган шилжих хөдөлгөөнөөр 7.5 метр өргөн, нэг метр орчим урт, 44 см зузаан замыг нэг минутанд хатуу хучилттай болгодог.
7 дугаар сарын 6-нд Оюу Толгой компани Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам зэрэг газруудын төлөөлөгчдийг нисэх буудлын барилгын ажлын явцтай танилцуулж, замын цуваа төхөөрөмжийн хүчин чадлыг бодит байдал дээр үзүүлэх юм.
Одоогоор Арц Суврага ХХК аэродромын хашаа, тойрог замыг хатуу хучилтаар бүрж дуусган, нисэх буух зурвасын ажлыг эхлүүлээд байна. Бүтэн 3 жилд гүйцэтгэх 3 км зурвас замын ажлыг Монголын компаниуд нөөц боломжоо ашиглан 90 хоногт дуусгана гэдэг нэлээд том амжилт юм. Цогцолборын барилгын ажлыг 2012 оны 10 дугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.