Хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрсэн 187 га газарт “Oюу толгой” компани техникийн нөхөн сэргээлт хийж байна
2023 оны 11 дүгээр 24-ний өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Оюу толгой” компани нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Энэхүү гэрээний хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Их ноёны ам, Бага ноёны ам, Хургадын ам, Шарын гол сумын нутагт орших Цагаан хөтөл орчмын 4 байршилд хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч, сүйдсэн 187 га орчим газарт “Оюу толгой” компани техникийн нөхөн сэргээлт хийх ажлаа 2024 оны 4 сарын 27-ны өдөр эхлүүллээ.
Нээлтийн арга хэмжээний үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Оюу толгой” компанийн байгаль орчныг хамгаалах үйлсэд анхаарч ажиллаж буйг сайшааж, “Эх дэлхийн хэвлийг оёж байгаа нь хойч үедээ буян үйлдэж буй томоохон ажил” хэмээн онцоллоо.
“Оюу толгой” компанийн Эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны хэлтсийн Ерөнхий менежер Филип Абрахам: “Өнөөдрийн үйл ажиллагаа бол хамтын ажиллагааны үр дүнг харуулж байгаа маш тод жишээ болж байна. “Оюу толгой” компани БОАЖЯ-тай маш ойр дотно, харилцаж ажилласны үр дүнд хоёр дахь том нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг хийж, гол мөрөн, уул хангайг сэргээж байна. Энэ бол хамтын ажиллагааны бодит үр дүн гэж харж байна. “Оюу толгой” компани үйл ажиллагаа зөвхөн уурхайн хашаагаар хязгаарлагдахгүй Монгол орны өнцөг булан бүрд эерэг нөлөөлийг бий болгохоор ажилладаг.” хэмээсэн байна.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд эвдэрсэн газрыг нөхөн сэргээхэд чухал ач холбогдолтойг онцлон “Оюу толгой” компани болон орон нутгийн холбогдох талууд хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
“Оюу толгой” компани байгаль орчны тогтвортой байдлыг хангах урт хугацааны амлалтынхаа хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн 2030 он гэхэд 100 сая мод тарих зорилт тавин ажиллаж байна. Нөхөн сэргээлтийн ажилд хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах түншлэлийг бий болгосноор Монгол орны илүү ногоон, илүү тогтвортой ирээдүйд хувь нэмрээ оруулж чадах билээ.