Говийн бүсийн хөгжилд чиглэсэн хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Монгол Улсад гадаадын томоохон хөрөнгө оруулалтаар боссон хамгийн том бүтээн байгуулалт болох Оюу толгой нь Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийг хангах ажилд оруулж буй хувь нэмрээ өргөжүүлж байна. 

Энэ хүрээнд “Оюу толгой” ХХК, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК болон “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” хамтран Говийн бүсийн хөгжлийн талаарх хамтын ажиллагааны санамж бичгийг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан батламжлав.  

Хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэх арга хэмжээний үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, “Оюу толгой бол Говийн бүсэд олон жилийн турш томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн хариуцлагатай уул уурхайн компани юм. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Говийн бүсийн хөгжлийг дэмжих хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх болсонд таатай байна” хэмээн онцоллоо.   

Мөн энэ үеэр Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, “Үйлдэл үгнээс үнэтэй. Өнөөдөр үзэглэсэн энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг нь Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг тууштай дэмжиж байгааг мөн бодит хувь нэмрээ оруулахын төлөөх хамтын хүчин чармайлтыг нотлон харууллаа. Бид өөрсдийн хуримтлуулсан туршлага, мэдлэг чадвараа Монгол Улсын Засгийн газрын алсын хараатай уялдуулан, бүс нутгийн хөгжлийн төлөө дайчлан ажиллах болно. Бид итгэл даах, хариуцлагатай, үүрэг амлалтдаа үнэнч хамтрагч гэдгээ үйлдлээрээ харуулж байгаадаа баяртай байнахэмээлээ.  

“Оюу толгой” компани нь үйл ажиллагаа явуулсан 15 жилийн хугацаанд  Өмнөговь аймаг төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд  Энэхүү санамж бичиг байгуулагдсанаар Говийн бүсийн хөгжилд үзүүлэх эерэг нөлөө нэмэгдэх ихээхэн ач холбогдолтой ба Говийн бүсийн тогтвортой хөгжил, Монгол улсын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой суурь баримт бичгүүд болж үлдэнэ гэж найдаж байна хэмээн Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Э.Ганхүү онцолсон юм.  

Хамтын ажиллагааны хүрээнд “Оюу толгой ордыг ашиглах тухай Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дөрөвдүгээр бүлэг, “Байгаль орчин, нийгэм, засаглалын Түншлэлийн гэрээ”-нд тусгасан чиглэлээр  Говийн бүсийн хөгжлийг дэмжих тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж, бүс нутгийн хөгжилд оруулах “Оюу толгой” компанийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилт тавьж буй аж.   

Хамтран аж ажиллах чиглэлийн хувьд:  

  • Говийн бүсийн аймгуудын орон нутгийн хөгжлийн төвүүдийн эдийн засгийн тэргүүлэх чиг үүргийг тодорхойлж, таталцах сумдтай нь “кластер”-аар хөгжүүлэх урт хугацааны бодлогыг боловсруулах, мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумыг эдийн засгийн чадамж бүхий хот болгон хөгжүүлэхэд хамтран ажиллах;  
  • Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх, Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчдын жишиг хоршоодыг  хөгжүүлж, сайн туршлагыг Говийн бүсэд түгээн дэлгэрүүлэх;  
  • Говийн бүсийн хүн амын ундны болон ахуйн усны чанарын судалгааг үе шаттайгаар зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;  
  • Говийн бүсийн газрын гадарга доорх усны нөөцийн судалгааг үе шаттайгаар хийхэд хамтран ажиллах.  

Эдгээр санаачилга нь бүс нутгийн тогтвортой хөгжилд түлхэц үзүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, Монгол Улсын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцоллоо.