Чингис хаан Үндэсний музей дэх Эрдэм шинжилгээний номын сангийн фондыг бүрдүүлэхэд “Оюу толгой” компани 136.8 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн түүхт ойн өдөр Чингис хаан Үндэсний музейн дэргэд монгол судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах Эрдэм шинжилгээний номын сан нээгдлээ.

Монголын түүхийн эх сурвалжийг баримтжуулан, судалгаа, шинжилгээний 500 гаруй ховор бөгөөд чухал номыг худалдан авч, номын сангийн фонд бүрдүүлэхэд “Оюу толгой” компани 136.8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм.

Нээлтийн ёслолын үеэр Соёлын сайд Ч.Номин: “Энэхүү Эрдэм шинжилгээний номын сан нь монгол судлалыг дэлхийн тавцанд гаргах суурь болж байна. Номын санг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан “Оюу толгой” компанийн хамт олонд гүн талархал илэрхийлье” хэмээн онцоллоо.

Чингис хаан Үндэсний музейн захирал С. Чулуун: “Нийгмийн хариуцлагын хүрээндээ энэхүү номын санг дэлхийн монгол судлалын ирээдүйн том төв болоосой, монголын түүх соёлын судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулаасай гэж “Оюу толгой” компани ном болон эрдэм шинжилгээний бүтээлүүд худалдан авахад зориулан 130 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэнд гүнээ талархаж байна. Та бүхний дэмжлэг туслалцаагаар манай номын сан улам өргөжиж, дэлхийн олон орны эрдэмтэн судлаачид монголын түүх, соёлыг бодитойгоор судлах нөхцөл бүрдэнэ. Ийм боломжийг бүрдүүлж байгаагаа нь Чингис хаан музейн болон Монголын соёлын салбарт үзүүлж байгаа томоохон дэмжлэг, туслалцаа болж байна.”

“Оюу толгой” компанийн ТУЗ-ын дарга Г.Батсүх: “Оюу толгой” компани хэдийгээр уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг боловч “эрдэс баялгаас эрдэм мэдлэг бүтээлцэх” зорилготой. Тийм ч учраас Монгол Улсынхаа үндэсний соёл, түүх, өв уламжлалыг сэргээх, хадгалах, дэмжихэд чиглэсэн олон үйл ажиллагааг өнгөрсөн жилүүдэд хийж ирсэн. Дэлхий даяарх монгол судлаачид болон дэлхийн түүхчдийн одоо цагийн болоод эрт үеийн эх сурвалж, ном зохиолуудыг цуглуулан авч ирэхэд бидний дэмжлэг чиглэж байна.”

“Оюу толгой” компанийн Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Вилсон: “Аливаа үндэстний соёлын өвийг хамгаалах нь хэн нэгний үүрэг биш, гагцхүү хамтын хүчин чармайлтын үр дүнд бий болдог гэдэгт би итгэдэг. Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээний номын сангийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж байгаадаа бид баяртай байна. Энэхүү номын сан Монгол Улсын арвин баялаг түүхийг сонирхон судалдаг хэн бүхэнд эрдэм мэдлэг түгээж, оюуны оч цэлмээхийг хүсэн ерөөе.”