Цөлжилтийн эсрэг Ногоон ирээдүй олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

Говийн өв: Цөлжилтийн эсрэг Ногоон ирээдүй олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

Хугацаа: 2024 оны 9-р сарын 12

Байршил: Даланзадгад хот, Өмнөговь аймаг, Монгол Улс

Зохион байгуулагчид:Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Оюу толгой ХХК, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Цөлжилт, ган гачигтай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан “Говийн өв: Цөлжилтийн эсрэг Ногоон ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдах гэж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар говийн бүс нутагт тулгарч буй цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, экосистем, биологийн олон янз байдлын асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэж, судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлан бүс нутгийн байгаль хамгааллын чиг хандлага, бодлогын хэрэгжилтийг хангахад олон талын оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн орон нутгийн бодлого боловсруулагчид, дотоодын болоод гадаадын эрдэмтэн судлаачид, цөлжилтийн эсрэг, түүний дотор бэлчээрийн тогтвортой менежмент, экологийн нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг олгох юм.

Эрдэм шинжилгээний бүтээлийн хураангуй хүлээн авах

Говийн бүсийн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, экосистем, биологийн олон янз байдлын асуудлыг хөндсөн, шинжлэх ухааны арга зүй, онол, таамаглалыг дэвшүүлсэн, оновчтой шийдэл, гарц гаргалгааг тусгасан, үр дүнтэй санал, зөвлөмжийг багтаасан эрдэм шинжилгээний бүтээлийг хүлээн авна.

Зорилго

  • Ойлголтыг нэмэгдүүлэх: Говийн бүсэд хийгдэж буй цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, экосистем, биологийн олон янз байдлын талаар судалгааны үр дүнг оролцогчид, салбарынхан, олон нийтэд таниулах.
  • Хамтын ажиллагааг дэмжих: Шинжлэх ухааны судалгаанд түшиглэсэн аргачлалаар, бодлогын хэрэгжилтийг хангахад салбар дундын, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх.
  • Шийдлүүдийг танилцуулах: Бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хэрэгжиж буй тогтвортой газар ашиглалт, экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалах байгальд суурилсан оновчтой шийдлүүдийг онцолж тодорхойлох, олон нийтэд таниулах.

Сэдэв

Энэхүү бүтээл говь цөлийн хуурай уур амьсгалтай бүс нутгуудад цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн дараах сэдвүүдийг хамрах боломжтой:

  • Биологийн олон янз байдал түүний хамгаалал
  • Уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицох нь
  • Цөлжилтийн динамик
  • Ойн нөхөн сэргээлт ба нөлөөлөл
  • Бэлчээрийн менежмент
  • Газар доройтолтой талбайн нөхөн сэргээх
  • Хөрс судлал
  • Усны судалгаа, усны инженеринг
  • Тогтвортой хөгжлийн ногоон санхүүжилт
  • Газрын харилцаа
  • Холбогдох байгаль орчны хууль тогтоомж

Хугацаа

  • Хураангуй хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 9-р сарын 10-ны өдөр
  • Хураангуй хүлээн авсан тухай мэдэгдэх хугацаа: Илгээснээс хойш дөрвөн долоо хоногийн дотор
  • Бүтэн өгүүлэл хүлээн авах хугацаа: Зөвшөөрөл олгогдсоны дараа зарлана.

Эрдэм шинжилгээний бүтээл илгээх зааварчилгаа

  • Шаардлага: Бүтээлийн хураангуйд судалгааны зорилго, арга зүй, гол үр дүн, ач холбогдлыг багтаасан байх ёстой. Илтгэлийн урт 300 үгнээс хэтрэхгүй байх.
  • Бүтэн өгүүлэл хүлээн авах: Хураангуй илгээсэн зохиогчид бүтэн өгүүлэл өгөх боломжтой.
  • Танилцуулах сонголтууд: Сонгогдсон хураангуйг зохиогчийн хуралд оролцох байдал /биеэр эсвэл цахим/, судалгааны төрлөөс хамааруулан аман илтгэл эсвэл постер хэлбэрээр танилцуулна.
  • Илтгэлийн бичгийн формат: Times New Roman, 12-тай үсгийн өндөртэй, мөр хоорондын зай 1.5, бүх талаараа 2,5 см зайтай, өгүүллийн гол сэдвийг илэрхийлэх 5-8 түлхүүр үг агуулсан байх ёстой.

Холбоо барих

Имэйл хаяг: info@mbcc.mn

Холбоо барих утас: +976-8877 8546, +976-8966 1437

Та бүхнийг Даланзадгад хотод зохион байгуулагдах хуралд цөлжилтийн эсрэг газар ашиглалт, бэлчээрийн менежмент, нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлын талаар өөрсдийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, санал, зөвлөмжөө хуваалцахыг урьж байна. Бид хамтдаа говийн ногоон, тогтвортой ирээдүйг бий болгоход хувь нэмэр оруулах болно.