Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой анхны зэсийн баяжмалаа үйлдвэрлэлээ

Монгол улсын Засгийн Газрын тогтвортой түншлэлийн үр дүнд Оюу Толгой төслийн нэг чухал үе шаттай золголоо

Монгол улс, Улаанбаатар хот – “Нэг сарын өмнө ашиглалтад орсон баяжуулах үйлдвэр төлөвлөсөн ёсоор анхны зэсийн баяжмал үйлдвэрлэлээ” гэж Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРэй мэдэгдлээ. Тэрээр “Энэ бол төслийн хувьд хамгийн чухал үйл явдлын нэг юм. Бид өнгөрсөн оны 12-р сарын 27-ны өдөр Монголд өмнө нь байгаагүй хамгийн том, хамгийн орчин үеийн техник, технологи бүхий баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулж байсан бол өнөөдөр анхны баяжмалаа гаргаж аваад байна” хэмээн хэллээ.

Оюу Толгой төсөл 2013 оны эхний хагаст багтааж арилжааны үйлдвэрлэл явуулах төлөвлөгөөтэй. Ийнхүү баяжмалаа үйлдвэрлэж эхэлсэн нь үйл ажиллагаа төлөвлөсний дагуу хэвийн явагдаж байгаагийн том илрэл юм.

“Монгол улс энэ жил эдийн засгийн хамгийн өндөр өсөлт гарна гэсэн хүлээлттэй байгаа. Оюу Толгойн баяжмалын үйлдвэрлэл үүнд чухал үүрэгтэй юм” гэж МакРей онцоллоо. Оюу Толгой өнгөрсөн оны эхнээс ил уурхайгаас хүдрээ олборлож эхэлсэн. Үүнийг баяжмал гаргахад ашиглаж байгаа юм.

Оюу Толгойн үйлдвэрлэлийн хүчин чадлыг цаашид нэмэгдүүлэхийн тулд далд уурхайд орчин үеийн, дэвшилттэй блокчлон олборлох арга технологи ашиглана. Оюу Толгой ордын нийт ашгийн 80 хувь нь далд уурхайд байдаг. Тиймээс далд уурхайд буй хүдрийг 2016 оноос олборлон боловсруулж эхэлнэ. Одоогоор хоёр босоо ам, 12 км урттай хөндлөн нэвтрэлтийн ажил хийгдээд байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.