Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Монголын хүний нөөцийн салбарын үндэсний зөвлөгөөн 2023 оны 10 дугаар сард “PEOPLE FIRST: Care Develop Share” уриан дор амжилттай зохион байгуулагдсан билээ.
Энэхүү өдөр “Оюу толгой” компанийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер Мелисса Шаненганге “Хүний нөөцийн шилдэг удирдагч” шагналыг хүртлээ.
“Хүний нөөцийн шилдэг удирдагч” шагнал нь өөрийн туршлагаа бусадтай хуваалцдаг, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог төдийгүй байгууллагынхаа болон салбарын хөгжилд түлхэц үзүүлэхүйц санаачилга гарган хэрэгжүүлдэг удирдлагад олгогддог шагнал билээ. Түүнчлэн салбартаа богино хугацаанд ахиц үзүүлсэн, эерэг нөлөөлөл гаргасан, манлайллыг өөрөөрөө үлгэрлэгч, хамт олноо удирдахын сацуу аливаа өөрчлөлтийг самбаачлан даван туулдаг нэгэнд гардуулдаг хүндэтгэлтэй шагнал юм.
Мелисса Шаненганге нь Монголын хүний нөөцийн салбарынхныг хамтран ажиллахад уриалан нэгтгэж чадсаны зэрэгцээ уул уурхайн салбарт шинэлэг Тэтгэвэр/хуримтлалын сан, аавын дөрвөн сарын цалинтай чөлөө, боловсролын шинэлэг хөтөлбөр зэрэг ажилтнууддаа нийгэмд зориулсан олон эерэг санаачилга, хөтөлбөрийг хамт олноороо хэрэгжүүлж бусад компаниудыг ч мөн уриалан, туршлага мэдлэгээ хуваалцахад үргэлж нээлттэй байдаг билээ. Цар тахлын амаргүй үед ажилтнуудын цалин хөлсний болон дотоод гадаадын нислэг, хөдөлгөөнийг уурхайн хэмжээнд удирдан зохицуулсан төдийгүй шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг бүрэн ханган ажилласан юм.