Сайн инженер болохоор суралцаж байгаа энэ залууг Н.Өлзийбаяр гэдэг. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын малчны хүү тэрээр багынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын ангид суралцаж байна. Хүүхэд байхаасаа л техникт дур сонирхолтой байснаас гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөөд энэ мэргэжлийг сонгожээ. Өөрийнхөө ур чадварыг хөгжүүлж, өөрийгөө сорихыг хүсдэг учраас оюутан болсон цагаасаа л уралдаан, тэмцээнүүдэд идэвхтэй оролцож эхэлсэн байна. Сургуулийнхаа General robot`s багийн үндсэн гишүүний хувиар 2014 онд зохиогдсон ABU robocon, электроникийн XV олипиадад сургуулиа төлөөлж, авхаалжаа сорьсон байна. Өнгөрсөн жил сургуулийнхаа эрдэм шинжилгээний хуралд “Дархан-Уул аймгийн хөрс агаар мандлын температурын судалгаа” сэдэвтэй илтгэл тавьсан нь байгалийн ухааны шилдгээр шалгарсан аж. ABU robocon аюулгүй ажиллагааг сахиж сургахаас гадна бүтээх, өөрийгөө дайчлах, хөдөлмөрлөх ур чадварт сургадаг. Бас техник сэтгэлгээг сайжруулж, багаар ажиллах чадвар эзэмшүүлдэг, тэсвэр тэвчээр шаарддаг учраас түүний оролцох дуртай тэмцээний нэг гэнэ.
Хичээл номдоо шамдан суралцахаас гадна уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хуралд оролцох, анги хамт олноо удирдах гээд түүний ажил мундахгүй. Зуныхаа амралтаар ч хувь хүний хөгжлийн сургалт дүүргээд амжиж. Түүнийг идэвхтэй, манлайлагч, бас завгүй оюутан гэж нэрлэж болно. Н.Өлзийбаяр саяхан “Оюу толгой” компанийн дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан юм. Өнгөрсөн жил сургуулийнхаа хүүхдийг энэ тэтгэлэгт хамрагдахыг хараад жил орчим бэлтгэж, санасандаа хүрсэн нь энэ. Тэрээр “Оюу толгой компанийн тэтгэлэг сурахаас гадна өөрийгөө хөгжүүлэх, Оюу толгойд дадлага хийх гээд олон боломж олгож байгаа. Манай ар гэрт санхүүгийн хувьд ч их дэмжлэг боллоо. Миний хувьд одоо сайн сурах л үлдэж байна” хэмээн ярилаа. Бас “Оюу толгойн тэтгэлгийн шалгаруулалт хамгийн шударга, сурах хүсэлтэй, зорилготой бол хэнд ч тэгш боломж олгодог юм байна. Сурлагын голч дүн 3.2-оос дээш байвал сургуулиа төгсөх хүртлээ тэтгэлгээ үргэлжлүүлэн авч болдгоороо давуу талтай” гэж онцолсон.
Түүний хувьд сайн инженер болохын тулд англиас гадна хятад хэл сурах хүсэлтэй явдаг аж. Учир нь, сүүлийн үед өмнөд хөршийн техник, тоног төхөөрөмж дэлхийн зах зээлд том өрсөлдөгч болоод байгаа гэж хэлж байсан. Сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн суралцах, уул уурхайн компанид мэргэжлээрээ ажиллах зорилготой. Тиймээс Багануур, Бор-Өндөр, Шивээ-Овоо гээд Монголын томоохон уурхайтай танилцаад амжсан гэнэ. Бас өөрийнхөө эзэмших мэргэжлийг “Уурхайн бүхий л үйл ажиллагаа цахилгаан машин механизм, тоног төхөөрөмжөөс шууд хамааралтай байдаг учраас маш хариуцлагатай төдийгүй уул уурхайн зүрх нь болдог” гэж тодорхойлно билээ.
Аливаа улсын хөгжлийг мэдлэг, чадвартай иргэд нь тодорхойлдог. Тиймээс оюутан залуусыг тэтгэлгээр сургах нь тухайн улсын боловсролд төдийгүй хөгжил, ирээдүйд хөрөнгө оруулж байгаа хэрэг. “Оюу толгой” компани 2010 оноос Монголын олон оюутан залуусд тэтгэдэг олгож, итгэл хүлээлгэн, сурах хүсэл, зорилгыг нь дэмжиж байна. Тэдний нэг болох оюутан Н.Өлзийбаярын тухай өгүүлэхэд ийм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.