“Оюу толгой” компанийн 2015-2016 оны Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг оюутнуудад батламж гардуулах ёслол 2015 оны 12 дугаар сарын 10-нд болж, 35 оюутанд дотоод, гадаадын их сургуульд суралцах тэтгэлгийг гардууллаа.
Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, яамдын төлөөлөгчид, их дээд сургуулийн удирдлагууд, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан суралцагсад, тэдгээрийн эцэг, эхийн төлөөлөл болон “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер Майкл Гавин нарын албаны хүмүүс оролцов.
Оролцогсдод хандан хэлсэн үгэндээ, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Оюутолгой” бол Монголын нэрийг дэлхийд гаргаж буй том компани, дэлхийн зэсийн зах зээлийн том тоглогч гэдгийг онцлоод “Монголын ирээдүй болсон оюутан залуусын боловсролд хөрөнгө оруулж байгаа нь та бидний зорилго адил гэдгийг харуулж буй юм. Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яам “Оюу толгой” компанитай өргөн цар хүрээтэй хамтарч ажилладгийн нэгээхэн хэсэг нь энэ арга хэмжээ юм. Хөдөлмөрийн салбар, ялангуяа мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт “Оюу толгой” компани багагүй хувь нэмэр оруулж, оюутан залуусын сурах орчин, сургалтын материаллаг баазыг сайжруулах талаар ихээхэн ажлыг хийж байгаа” хэмээн үнэлэв.
“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх тэтгэлэг гардуулах ёслолыг нээж хэлэхдээ “Монголын тэргүүний оюутнуудын сурлага, хөдөлмөрийг үнэлэх, ирээдүйн амжилтанд нь хувь нэмрээ оруулах бололцоо олдсонд туйлын баяртай байна. Тэтгэлэгт оюутнууд та бүхэн өөрийн үеийнхэндээ үлгэр дуурайл болж, бусдыгаа хошуучлан Монгол орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.
Тэтгэлэгт хөтөлбөр хамрагдаж байсан залуусыг төлөөлөн Ц.Төгсбуян “Оюу толгойн тэтгэлэг надад санхүүгийн дэмжлэгээс гадна хамгийн чухал нь өөртөө итгэх итгэлийг өгч, дараа дараагийн амжилт гаргахад минь том тус болж өгсөн. 2010-2015 оны хооронд Оюу толгойн бүх тэтгэлэгт хамрагдан, энэ гайхалтай хөтөлбөрүүдийн нэг хэсэг байж Монгол Улсынхаа хамгийн том бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд гар бие оролцон сурсан мэдсэн зүйлээ хуваалцаж байгаадаа үнэхээр бахархаж байна.
Тэтгэлэг бүрийн цаана нэг оюутан, тэдний гэр бүлийн мөрөөдөл биелж байдаг. Монголын олон зуун залуусын мөрөөдлийг биелүүлж өгсөн Оюу толгой компанид талархсанаа илэрхийлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэтгэлэгт хөтөлбөрийг өдөр тутмын сонин, компанийн цахим хуудас, нийгмийн сүлжээгээр зарлаж, сургуулиудаар танилцуулах уулзалт зохион байгуулах замаар мэдээлэл хүргэсэн. Үүний дүнд 400 гаруй өргөдөл хүлээн авч, гурван үе шаттай шалгаруулалт явагдсан.
Дотоодын тэтгэлэг авсан 31 оюутны 16 нь ШУТИС, ес нь МУИС, гурав нь Дарханы Технологийн сургууль, хоёр нь ЭМШУҮИС, нэг нь ХААИС-д суралцаж буй оюутнууд юм.
Гадаадын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй 20 оюутан өрсөлдсөнөөс тэтгэлгийн болзлыг дөрвөн оюутан хангажээ. Тэд 2016 оны 8 дугаар сараас уул уурхай, хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр суралцах юм.
Редакцийн анхааралд:
- Оюу толгой компани Хөрөнгө оруулалтын гэрээ, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамтай байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд дотоод, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
- Санамж бичгийн үндсэн чиглэл нь Монгол Улсын уул уурхай болон бусад салбарт өндөр мэргэжлийн үндэсний боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх явдал юм.
- Санамж бичгийн дагуу 2015 он гэхэд 210 оюутанд дотоодын, 30 оюутанд олон улсын их, дээд сургуульд суралцах тэтгэлэг олгохоор төлөвлөсөн зорилтоо амжилттай хэрэгжүүллээ.
- “Оюу толгой” ХХК-ийн тэтгэлэгт хөтөлбөр нь санхүүгийн дэмжлэгээс гадна, хувь хүний хөгжлийг дэмжих хөтөлбөрт хамруулдгаараа давуу талтай юм.