– Анхны 24 суралцагч ажлын байрны мэргэжил, ур чадвар эзэмшинэ –
“Оюу толгой” ХХК-иас санхүүжүүлж, хэрэгжүүлэх “Мэргэжил олгох хөтөлбөр” пүрэв гаригт нээлтээ хийлээ.
Ханбогд сум дахь Техникийн сургалтын төв дээр болсон нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, “Оюу толгой” ХХК-ийн Дэд бүтэц, үйлчилгээ хариуцсан Ерөнхий менежер Эндрью Миллэр болон Ханбогд сумын албаны холбогдох хүмүүс оролцлоо.
Энэ үеэр Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Хөдөлмөрийн яамны зүгээс чадамжид суурилсан сургалтад ач холбогдол өгч байгаа. Энэ ажил орон нутагт бодитойгоор хэрэгжиж байгаад би талархан, хүлээн авч байна. Энэ хөтөлбөр цаашид сургалтын салбарт томоохон жишиг болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн хэллээ.
Мөн “Оюу толгой” ХХК-ийн Дэд бүтэц, үйлчилгээ хариуцсан Ерөнхий менежер Эндрью Миллэр “Өмнөговь аймагт чадавхийг бэхжүүлэх бидний ажил нэг алхам урагшиллаа. Монгол залуус авьяас, чадвартай. Бид хамтран ажилладаг орон нутгийн иргэдийн урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжиж, мэдлэг, ур чадварыг нь дэлхийн стандартад хүргэхэд анхаарлаа хандуулж байна” гэж ярив.
Эдгээр хүмүүс зургаан сарын хугацаанд цахилгаанчин, гагнуурчин, механикч зэрэг уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт эрэлт ихтэй мэргэжлээр суралцаж, амжилттай төгсөгчид Австралийн мэргэжил, ур чадварын стандартын гэрчилгээ авах юм. Сургалтыг “Оюу толгой” ХХК-ийн Мэргэжлийн сургалтын төв, Дорнодын Политехникийн коллеж, Австралийн магадлан итгэмжлэгдсэн байгууллагатай хамтран онол, дадлага хосолсон хэлбэрээр явуулна.
Энэ хөтөлбөр “Оюу толгой” компанийн орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих, орон нутгийн ханган нийлүүлэгчдээс бүтээгдэхүүн, үйлчилгээ авах зэрэг ажлуудын нэг хэсэг юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.