Шон Хинтон 2024 оны 10 дугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсон.
Шон Хинтон Хөрөнгө оруулалт, бизнесийн өсөлт хөгжил болон нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт чиглэлээр гуч гаруй жил удирдах албан тушаал хашсан арвин их туршлагатай.
Тэрээр Британийн зөвлөлийн хөтөлбөрөөр 1988 оны 12 дугаар сард анх Монголд ирж, МУИС-д суралцсан бөгөөд Кэмбриджийн их сургуульд уртын дууны сэдвээр магистрын зэргээ хамгаалсан. 1997 онд “Мак Кинсий энд Ко” компанид стратеги, өсөлт хөгжил хариуцан ажиллах хугацаандаа Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон юм.
2007 онд Монголд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр “Голдмэн Сакс” байгууллагад Ахлах зөвлөхөөр ажиллан, Оюу толгойд бүс нутгийн эдийн засгийн хөгжил, орон нутгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Рио Тинто группт зөвлөх албан тушаал хашиж байв.
Түүнчлэн, тэрээр дэлхийн томоохон сайн үйлсийн нийгэмлэгийн нэг болох Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн “Эдийн засгийн хөгжлийг дэмжих Соросын сан”-гийн Гүйцэтгэх захирлаар ажилласан юм. Шон Хинтон Оксфордын их сургуулийн Саид Бизнесийн сургуульд нөлөөллийн хөрөнгө оруулалтын чиглэлээр зочин багшаар ажилладаг бөгөөд “Натур Финанс”, “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн” зэрэг байгууллагын ТУЗ-ийн гишүүн юм.