Тогтохбаярын Отгонбаяр нь 2021 оны 11 дүгээр сард “Оюу толгой” компанийн Техникийн үйлчилгээ болон Өсөлт хариуцсан Ерөнхий Менежерээр томилогдон ажиллаж байна. Т.Отгонбаяр нь 2001 оноос Оюу толгойн хайгуулын үе шатнаас эхлэн ажиллаж, үйл ажиллагааны болон стратегийн манлайллыг хослуулан, эрэл хайгуул, нөөцийн үнэлгээ, төслийн хэрэгжилт болон олборлолтын үе шатуудад удирдах албан тушаал хашиж ирсэн. Тэрээр геологийн эрэл хайгуул, нөөцийн үнэлгээ, загварчлал, тооцоолол болон ашигт малтмалын нөөцийг олон улсын шаардлагуудад нийцүүлэн тайлан гаргах чиглэлээр арвин туршлагатай.

Одоогийн албан тушаалдаа Т.Отгонбаяр нь уурхайн урт болон богино хугацааны олборлолт, үйлдвэрлэлийн нэгдсэн төлөвлөлт болон инженер-техникийн үйлчилгээний багуудыг удирдан ажиллаж байна. Мөн тэрээр Оюу толгойн хүдрийн биетийн талаарх судалгааг сайжруулж, ирээдүйн өсөлтийг хангах санаачлагуудыг хэрэгжүүлэн, Оюу толгойн урт хугацааны тогтвортой үйл ажиллагааг хангахад төвлөрөн ажиллаж байна. Тэрээр мөн Оюу толгойн ордын ашигт малтмалын нөөцийн итгэмжлэгдсэн мэргэжилтнээр ажиллаж, Монгол болон олон улсад тайлагнах тайлангуудыг стандартын дагуу бэлтгэх үүрэгтэй.

Өмнөх ажлын туршлагаас дурдвал, Т.Отгонбаяр нь Австралийн AMC Консалтант компанид ахлах зөвлөхөөр ажиллаж, төмрийн хүдэр, зэс-алт, графит, PGE-никель-зэсийн эрдэсжилт зэрэг олон төрлийн ашигт малтмалын нөөцийн загварчлал болон тооцооллын төслүүдэд хувь нэмэр оруулж, туршлага хуримтлуулсан. Тэрээр Австралийн хэд хэдэн төсөл, тэр дундаа Mt Elliot, Mt Dore, Starra зэрэг төсөлд ажиллан, Клонкурри бүс нутгийн IOCG ордуудыг нөөцийн тооцоолол, үнэлгээ хийхэд гар бие оролцсон.

Т.Отгонбаяр нь Монгол Улсын Их Сургуулийн геологийн чиглэлээр бакалавр, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн геологийн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.