Ярилцлага: Б.Гантулга “Оюу Толгой компани Монголд анх удаа ажилтны эрүүл мэндийн тасралтгүй үзлэгийг нэвтрүүлж байна”

Оюу Толгой ХХК-ийн Эрүүл мэндийн хэлтсийн эмнэлгийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хүний их эмч Б.Гантулгатай ярилцлаа. Тэрээр Оюу Толгой компани ажилтныхаа эрүүл мэндийг хамгаалах талаар ямар ажлууд хийдэг талаар ярьсан юм.

Хүний эрүүл мэнд бүхнээс үнэтэй. Оюу Толгой компани ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах талаар ямар ажил хийж, ямар бодлого баримталдаг вэ?
Оюу Толгой компанийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтэст эрүүл мэнд хариуцсан баг байдаг. Гадаадын хоёр мэргэжилтэн бүхий 10 ажилтантай энэ баг ажилтнуудын эрүүл мэндтэй холбоотой бүх асуудлыг хариуцдаг. Австрали улсаас ирсэн, салбартаа олон жилийн туршлагатай, мэргэшсэн эрүүл ахуйч хүн манай багийг ахлан ажиллаж байна. Мөн хүний их эмч, эрүүл ахуйч, химич мэргэжилтэй туршлагатай , залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлсэн. Үндсэндээ хөдөлмөрийн эрүүл мэнд, эрүүл ахуй гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хөдөлмөрийн эрүүл мэндэд Оюу Толгойд ажиллаж байгаа бүх хүний ажиллаж, хөдөлмөрлөх үед гарч болох эрүүл мэндийн аливаа эрсдэл, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, хүмүүсийг өвчлөх, эрүүл мэндийн таагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, мөн хүмүүсийг эрүүлжүүлж, чийрэгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягтай болгох, эрүүл байхад чиглэсэн бүхий л үйл ажиллагаа багтана. Харин хөдөлмөрийн эрүүл ахуйгаар тухайн ажлын онцлогоос шалтгаалж хүмүүсийн эрүүл мэндэд учирч болох төрөл бүрийн эрсдэл, физик, хими, биологийн зэрэг гадаад хүчин зүйлийг судалж хянаж тогтоодог. Эдгээр хүчин зүйлийн нөлөөг бууруулж, хүмүүсийг удаан хугацаанд хөдөлмөрийн чадвартай, ямар нэг өвчингүй байх орчныг бий болгох зорилготой юм. Хөдөлмөрийн эрүүл мэнд, эрүүл ахуй салшгүй холбоотой

Эрүүл мэндийг хамгаалах талаар хийж байгаа томоохон ажлаасаа дурдана уу?
Ажилтнуудаа эрүүл мэндийн дөрвөн төрлийн үзлэгт хамруулдаг. Нэгдүгээрт, шинээр ажилд орж байгаа ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, хоёрдугаарт, ажилтны жил бүрийн үзлэг, гуравдугаарт, үечилсэн буюу хугацаат эрүүл мэндийн үзлэг, дөрөвдүгээрт, ажлаас гарах үеийн эрүүл мэндийн үзлэг. Ажилд орох хүмүүсийг үзлэгт оруулаад тухайн ажилд тэнцэх үү, тэнцлээ гэхэд эрүүл мэндийн байдал ямар байх вэ гэдгийг шалгадаг. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтнуудаа жил бүр багц үзлэгт оруулдаг. Уг үзлэгээр жилийн дараа ажилтнуудын эрүүл мэндэд ямар нэг өөрчлөлт үүсэв үү гэдгийг хянах боломжтой болдог. Гэхдээ жилийн үзлэгт заавал хамрагдах ёстой гэж компанийн зүгээс албадах эрхгүй. Хувь хүн өөрөө л ухамсарлах асуудал. Үечилсэн буюу хугацаат болон ажлаас гарах үеийн үзлэг нь зөвхөн компанид төдийгүй манай улсын уул уурхайн системд нэвтрээгүй шинэлэг систем юм.

Уул уурхайн компанийн хувьд ажлаа хийх явцдаа ямар нэгэн өвчлөлд өртөх магадлал байдаг уу. Үүнийг хэрхэн хянадаг вэ?
Хугацаат эрүүл мэндийн үзлэг нь ажлын байр, онцлогоос шалтгаалаад хүний эрүүл мэндэд ямар нэг хортой нөлөө үүсч байна уу, урт болон богино хугацааны өөрчлөлт үүсч, ажилтны эрүүл мэнд муудаж уу, үгүй юу гэдгийг хянах ажиллагаа. Үүний тулд ажилтнуудаа бүлэглэж, ижил өртөлтөт бүлэг гэдэг систем нэвтрүүлж байгаа. Энэ бол Рио Тинто болон дэлхийн томоохон уурхайнуудад хэрэглэдэг систем л дээ. Ижил өртөлтөт бүлэг гэдэг нь эрүүл мэндэд нөлөөлж болох эрсдэлүүдийг адил хэмжээтэй авч болох ажлын байрыг жагсааж бүлэглэхийг хэлдэг. Ингэж бүлэглэхдээ тухайн ажлын байр бүр дээр байх эрүүл мэндийн эрсдэлүүдийг чанарын эрсдэлийн үнэлгээн дээр суурилан матрицын аргаар гаргаж ноцтой эрсдэлүүд, түүнээс гарах хортой үр дагавруудыг үнэлэн бүлэглэдэг. Өөрөөр хэлбэл баяжуулах үйлдвэрийн тээрмийн оператор байлаа гэхэд эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлүүдийг жагсаан тэрхүү нөлөөг авч байгаа хүмүүстэй бүлэглээд баяжуулахын С3 ижил өртөлт бүлэг гэх мэтээр ангилж байгаа. Энэ С3 бүлгийнхэн ижил хугацаанд тодорхой үзлэгт заавал хамрагдах ёстой. Бид ажлын нөхцлөөс шалтгаалан хүний эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй тоос, дуу шуугиан, халуун хүйтний нөлөөлөл гэх мэт физик, хими, биологийн хүчин зүйлүүдийг Рио Тинтогийн эрүүл мэндтэй холбоотой стандартуудын дагуу хэмжилт судалгаа хийж тогтоодог. Манай Хөдөлмөрийн эрүүл ахуйн баг орчин үеийн өндөр технологи бүхий багаж хэрэгслээр тоноглогдож, хэмжилт судалгаагаа төлөвлөгөөний дагуу хийж эхлээд байна. Бид энэ талаар ажилтнууддаа байнга танилцуулдаг.

Бүлэг болгосноор эрүүл мэндэд нь яаж хяналт тавих вэ?
Тухайлбал, ийм бүлгийн ажилтнуудын амьсгалын болон уушигны үйл ажиллагааг жил тутам заавал хянана. Гурван жил тутам цээжний рентген зургийг нь авах, жил тутам сонсголыг нь заавал шалгаж, таван жил тутам нурууны ясны рентген зураг авах, 2 жил тутам эрхтний үйл ажиллагааны сорил хийх гэх мэт. Ийм байдлаар бүлэглээд заавал үзүүлэх ёстой үзлэгийн жагсаалт, хуваарийг гаргадаг. Өнгөрсөн сараас ижил өртөлтөт бүлгийн үечилсэн хугацаат үзлэгийг Оюу Толгой уурхай дахь эмнэлэгт урьдчилсан байдлаар хийж эхэлсэн. Баяжуулах үйлдвэрийн С1 гэдэг ижил өртөлт бүлгийн хүмүүс 2013 оны 4 дүгээр сард үзлэгт орлоо гэхэд жилийн дараа уушигны үйл ажиллагаагаа, сонсголоо заавал шалгуулна. Энэ бол ажилтнуудын эрүүл мэндийг тасралтгүй хянаж байгаа хэлбэр. Ажилтнууд ажлын байрнаас болоод миний сонсголд өөрчлөлт үүссэн үү, тоос, шорооноос уушгинд нөлөөлөл үүсэх магадлал байна уу гэх мэтээр эрүүл мэндийн талаархи мэдээллээ авна. Оюу Толгой компани тасралтгүй системийн үзлэгийг Монголд анх удаа нэвтрүүлж байна.

Ажлаас гарч байгаа хүмүүсийг яагаад эрүүл мэндийн үзлэгт хамруулах ёстой вэ?
Ямар нэг шалтгаанаар ажлаас гарч байгаа хүнийг заавал эрүүл мэндийн үзлэгт оруулна. Ажилтан анх орж ирэхдээ эрүүл мэнд нь ийм байсан, явц дунд ийм байсан, гарахдаа ийм байна гэж хооронд нь харьцуулах боломжтой. Ингэснээр бид ажилтан бүрээ ажилд орохоос аваад гарах хүртэл эрүүл мэндийн өөрчлөлт, эрсдэлд хамгийн бага өртүүлэх, ажлын байрнаас шалтгаалсан өвчлөлийг хамгийн бага түвшинд байлгахыг зорьж байна гэсэн үг юм. Тухайн ажилтан Оюу Толгойд 10 жил ажилласныхаа дараа миний эрүүл мэндэд ийм өөрчлөлт орсон байна, эсвэл ямар ч өөрчлөлтгүй байна гэдгээ мэдэж авах учраас чухал ач холбогдолтой. Ийм үзлэгийг уул уурхайн бусад компаниуд төдийлөн хийдэггүй. Ерийн хугацаат үзлэгүүд л байдаг. Өмнө хэлсэнчлэн тасралтгүй системийн үзлэгийн давуу тал энэ юм. Эдгээр бүх үзлэгийн төлбөрийг компани 100 хувь хариуцдаг. Энэ бол ажилтныхаа эрүүл мэндэд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт.

Оюу Толгой уурхайд эрүүл мэндийн үйл ажиллагааг ямар эмнэлэг хариуцан явуулдаг вэ?
Олон улсын СОС байгууллага нь 2004 оноос эхлэн 'Сос Медика Монголиа' эмнэлэгтэй хамтран Оюу Толгой уурхайд үйл ажиллагаа явуулж байна. Яаралтай болон анхан шатны ерөнхий үзлэг, эмчилгээ, эмийн үйлчилгээ үзүүлэхээс гадна яаралтай тусламж , нүүлгэн шилжүүлэлтийн чиглэлээр олон жилийн туршлагатай байгууллага. Дэлхийн 70 орчим улсад салбартай, олон улсын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг компани. Энэ эмнэлэг мэргэжлийн эрүүл мэндийн эмнэлэг болон өргөжиж байгаа. Одоогоор барилгын ажлыг нь эхлүүлээд байна. Энэ эмнэлэг дээрээ өмнө дурдсан үзлэгүүдийг хийх боломж бүрдэнэ. Бас мэргэжлийн эрүүл мэндийн төв байдлаар ажиллана. Үзлэгээс гадна эрүүл ахуйн бүх хэмжилт, судалгаа хийж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Тэнд байрлах анги танхимд ажилтнуудад зориулсан эрүүл мэндийн боловсрол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн эрүүл мэндийн сургалтууд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Ажилтнуудынхаа эрүүл мэндэд чиглэсэн өөр үйл ажиллагаа явуулдаг уу?
Олон төрлийн үйл ажиллагаа бий. Тухайлбал, ажилтнуудаа хөдөлгөөний дутагдлаас үүдсэн өвчлөлөөс сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Ажилтнууд аюулгүй, эрүүл ажиллаж амьдрахын тулд сэтгэл санаа, ахуй байдал гэр бүлийн хувьд тайван байх ёстой. Иймээс 'Ажилтанд туслах хөтөлбөр' боловсруулж уурхайн талбай болон Улаанбаатар дахь ажилтнууддаа сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг СОС эмнэлэг болон хөндлөнгийн компанийн тусламжтай үзүүлж байна. Эрүүл мэндийн боловсрол олгох Мөн төрөл бүрийн сургалтуудыг СОС эмнэлэг болон ажилчдын хоол, унд бэлтгэдэг Си Ай Эс компанитай хамтран сар бүр тодорхой сэдвээр явуулж эхлээд байна. Эрүүл мэндийн сэдвийг тухайн сард тохиох ДЭМБ-ээс зарласан тэмдэглэлт өдрүүдэд суурилан явуулахаар төлөвлөгдсөн. Жишээ нь, жил бүрийн 3-р сарын 24 Сүрьеэ өвчний эсрэг дэлхийн өдөр. Тэгвэл 3-р сард ажилтнууддаа энэхүү өвчний талаар мэдлэг олгоно. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг сайжруулах төрөл бүрийн сургалт явуулдаг. Оюу Толгой уурхай дахь ажилчдыг спортоор хичээллэх боломжтой, хэмжээ, тохижилт, тоног төхөөрөмж, хүчин чадлаараа Буянт-Ухаа цогцолборын дараа орох Соёл, спортын төвийг өнгөрсөн жил ашиглалтад оруулсан. Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн Ханбогд, Даланзадгад дахь салбар оффисын байрууддаа зүрхний үйл ажиллагаа зогсох, доголдох үед хэвийн үйл ажиллагаанд оруулагч автомат дефибриллятор аппарат суурилууллаа. Энэ аппарат бүрэн автомат, зохих зааварчилгаа авсан ямар ч хүн ажиллуулах боломжтой.


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *