Өмнөговь аймагт “Нээлттэй өдөрлөг”-өө зохион байгууллаа

“Оюу толгой” компани Өмнөговь аймаг, аймгийн Даланзадгад, Ханбогд, Манлай, Баян-Овоо сумын Засаг Даргын Тамгын Газар, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч компаниудтайгаа хамтран энэ сарын дөрөвнөөс есний өдрүүдэд “Өмнийн говиос дэлхийн тавцанд хамтдаа” уриатай “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгууллаа. “Оюу толгой” компани орон нутгийн удирдлага, ард иргэдтэй бүх түвшинд тогтмол харилцаж, компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны талаар сүүлийн үеийн мэдээллийг “Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр танилцуулдаг онцлогтой.

2015 онд түншлэгч дөрвөн сумтай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хүрээнд “Оюу толгой” компани “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аар дамжуулж Өмнөговь аймгийн хэмжээнд нийт 82.2 тэрбум төгрөгөөр 304 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэн, амжилттай хэрэгжүүлээд байна. Эдгээр төсөл хөтөлбөрийн үр дүнд Өмнөговь аймагт 484 ажлын байр шинээр бий болж, төсөл хөтөлбөрийн үр шимийг давхардсан тоогоор 680 мянга гаруй орон нутгийн иргэд хүртсэн байна.

Манай “Нээлттэй өдөрлөг”-т Даланзадгад, Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдын удирдлага, төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, Оюу толгойн туслан гүйцэтгэгч компаниудад ажилд орох батламжаа 60 хүн гардаж авлаа. Энэ үеэр манай байгаль орчин, орон нутгийн харилцаа, гүний уурхай, хүний нөөц, худалдан авалтын мэргэжилтнүүд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, сүүлийн үеийн мэдээллүүдээс ард иргэдэд өгсөн төдийгүй Өмнөговь аймгийн шилдэг ажил олгогч шагналыг хүртлээ. Мөн “Оюу толгой” компани “Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж буй “Ховор амьтан, ургамлын хууль бус ан, худалдаатай тэмцэх” төсөл дээр Өмнөговь аймагтай хамтран ажиллах, Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгч болох “Хасуд Бат” компанитай арьсан хамгаалалт, мөрний бүс худалдан авах гэрээнд тус тус гарын үсэг зурлаа.

Түүнчлэн “Оюу толгой” компанийн олон улсын тэтгэлгээр Австрали улсад суралцаж ирээд Ханбогд сумд ажиллахаар болсон залуусаа хүлээж авахын зэрэгцээ Ханбогд сумын хот тохижилтын газартай “Зам цэвэрлэх гэрээ”-нд гарын үсэг зурав.

Цар тахлын нөхцөлд манай “Нээлттэй өдөрлөг”-ийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Өмнөговь аймаг, сумдын удирдлага, онцгой комиссын хамт олон, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч компаниуд болон хүрэлцэн ирж сонирхсон Өмнөговьчууддаа баярлалаа.

Нэмэлт мэдээлэл:

  • 2010-2021 оны гуравдугаар улирлын байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтад 777 сая ам.доллар зарцуулсан.
  • Хамтын ажиллагааны гэрээний тухай: 2015 онд байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд тусгасны дагуу “Оюу толгой” ХХК нь Өмнөговь аймаг, болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумтай “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2015 оны дөрөвдүгээр сард байгуулж, жил бүр таван сая ам.долларыг Өмнөговийн бүс нутгийн хөгжилд зориулан олгохоор тогтсон.
  • “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн тухай: Уг гэрээг хэрэгжүүлэх гол байгууллага болох “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллага (ТББ)-ыг мөн оныхоо есөн сард байгуулж байв.
  • Орон нутагт хийсэн бүтээн байгуулалтын онцлох хэсгийг дурдвал:
    • 640 хүүхдийн сургууль – 1 (Ханбогд);
    • Эмнэлэг – 3 (Баян-Овоо, Мандал-Овоо, Цогт-Овоо);
    • Цэцэрлэг – 6 (Даланзадгад-4, Манлай-1, Ханбогд-1);
    • Сум дундын малын эрүүл мэндийн төвийн барилга – 1 (Ханбогд);
    • Музей – 1 (Даланзадгад);
    • Махны үйлдвэр – 1 (Даланзадгад);
    • Спорт зал – 3 (Даланзадгад-1, Манлай-1, Баян-Овоо-1);
    • Усан хангамжийн цэвэршүүлэх байгууламж – 2 (Гашуун сухайт боомт-1, Ханбогд-1);
    • Үерийн хамгаалалтын далан – 1 (Ханбогд);
    • Уурын зуух – 3 (Ханбогд-1, Манлай-1, Баян-Овоо-1);
    • 77 малчны 33 худаг шинээр барьж, 44 худаг сэргээн засварласан.

Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн