“Өмнөговьд үйлдвэрлэе” жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспог зохион байгуулагдлаа

Өмнөговь аймгийн ЗДТГ, “Оюу толгой” компани, Бизнесийн инноваци хөгжлийн төв хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспог “Өмнөговьд үйлдвэрлэе” уриан дор тавдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Даланзадгад сумд амжилттай зохион байгууллаа.

Экспод оролцож буй Өмнөговь аймгийн 100 гаруй бизнес эрхлэгчдээс нэмэлтээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжтой талаар тус аймагт үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхай, барилгын 15 гаруй томоохон компанийн төлөөлөл хүрэлцэн ирж судалж, цаашид хамтран ажиллах, түншлэл үүсэх боломжуудтай танилцлаа.

Мөн “Оюу толгой” компанийн Худалдан авалтын газрын ерөнхий менежер Дэррик Хансэн ‘“Оюу толгой” компани жижиг, дунд үйлдвэрүүдийг түшиглэн найдвартай, өрсөлдөх чадвар бүхий дотоодын нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулдаг. Өмнөговь аймаг болон Бизнесийн инноваци хөгжлийн төвийн дэмжлэгтэйгээр бид орон нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээг сайжруулахын төлөө тасралтгүй ажилласаар байх болно“ гэлээ. Өдөрлөгийн өөр нэгэн онцлох үйл явдал нь Өмнөговь аймаг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” болон “Оюу толгой” компанитай хамтран байгуулсан “Бизнесийн инноваци хөгжлийн төв”-ийн Өмнөговь дахь салбарын нээлт юм. Энэхүү төвөөс орон нутгийн бизнес эрхлэгчид байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, бизнесийн ёс зүй, бизнесийн удирдлага, ханган нийлүүлэлтийн сүлжээний менежмент зэрэг бизнесийн удирлагад өндөр ач холбогдолтой олон чиглэлээр шаардлагатай сургалт зөвлөгөө авах боломжтой болж байгаа юм.