“Оюу толгой” компани үндэсний агаарын тээврийн компаниуд болох MIAT Mongolian Airlines, Hunnu Air болон Aero Mongolia LL компаниудтай стратегийн түвшинд хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны гэрээг өнгөрсөн Баасан гарагт зурлаа. Ингэснээр талууд илүү ил тод, нээлттэй ажиллан, хамтран олон сайжруулалтуудыг нэмж хийх боломж бүрдлээ. 2013 оны 2-р сард Ханбумбат нисэх онгоцны буудал ашиглалтад орсноос хойш “Оюу толгой” компани орон нутгийн агаарын тээврийн компаниудтай хамтран ажиллаж, Оюу толгойн уурхай болон Даланзадгад сум уруу 12,000 гаруй нислэг үйлдэж, 1.1 сая орчим зорчигчийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулан тээвэрлэжээ.