Монголын говьд орших Оюу толгой (ОТ) нь дэлхийн хамгийн том зэс-алтны ордуудын нэг юм. ОТ нутгийн ард иргэдтэй зохилдож, тэдний амьдралын уламжлалт хэв маягийг эвдэлгүйгээр аль аль талд ашигтай ажиллахыг эрмэлзэж ирсэн. Үүний тулд нутгийн иргэдийн санал гомдлыг анхааран сонсож, зохих арга хэмжээг авч, итгэлцэлд суурилсан харилцааг бий болгох хэрэгтэй байв.
Говийн бүсэд тэмээн сүргээ маллан аж амьдралаа залгуулдаг олон айл өрх бий. Малчид дулаан цагийн аясаар, хааяахан үзэгддэг хаврын бороог даган нүүж малаа бэлчээх бол өвөл нөмөр газар буудаг. ОТ тусгай зөвшөөрлийн талбайн эргэн тойронд нутагладаг малчдын амьдралд уурхайн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа нөлөөлнө гэдгийг анхнаас нь ойлгож хүлээн зөвшөөрсөн. Иймд уурхайн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтыг явуулахын зэрэгцээ орон нутгийн иргэдийн соёл, амьдралын хэв маягийг хадгалах нь хэрэгжүүлэх боломжгүй зүйл биш болохыг харуулахын тулд малчидтай үр бүтээлтэй хамтарч ажиллах хэрэгтэй байлаа.
Хамтран ажиллах, нөлөөллийн талаар мэдээлэх нь
ОТ орон нутгийн иргэдтэй харилцахдаа анхнаасаа бүрэн зөв мэдээлэлтэй байх үүднээс төслийн эхэнд орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийж баталгаажуулсан. Улмаар уурхайгаас үүдэх сөрөг нөлөөллийг багасгах, малчдын аж ахуйг хамгаалахад чиглэсэн бодлого төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн юм. Түүнчлэн нутгийн иргэдэд өсөн нэмэгдсээр буй эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох, үр шимийг нь хүртэх ямар боломж байгааг тодорхойлохоор зөвлөлдөх болсон.
ОТ-н тусгай зөвшөөрлийн талбайгаар дайран урсдаг Ундай голын голдирлыг өөрчлөхөөр Засгийн газраас баталсан төлөвлөгөөг гаргахдаа нутгийн иргэдийн санаа бодлыг тусгаагүй хэмээн 2012-2013 онд хэсэг малчид өргөн мэдүүлэв. Компанийн зүгээс тэр үед байгаль орчны болзошгүй нөлөөллөөс зайлсхийх, ил уурхайн үйл ажиллагаанаас хөрсний урсгал буюу шүүрэлтэд орж болох өөрчлөлтөөс сэргийлэхийн тулд голдирлыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай байсан. Харин малчид сайн ярьж зөвлөөгүй, хэрхэн өөрчлөх тал дээр зөвлөлдөх цаг гаргаагүй гэж үзсэн юм. Мөн уурхайн дэд бүтцийг барьж байгуулахад шаардагдах зай талбайг гаргах зорилгоор малчдын өвөлжөө хаваржааг нүүлгэж, бэлчээрийг нь солиход олгосон нөхөн олговор хангалтгүй гэж үзсэн.
Ийнхүү малчид Монголын төрийн бус хоёр байгууллагын дэмжлэгээр Дэлхийн Банкны Группийн Эрх зүйн нийцэл хяналт, зөвлөгөө, омбудсмэний газарт (ЭЗНХЗОГ) гомдол гаргасан түүхтэй. ЭЗНХЗОГ нь Олон улсын санхүүгийн корпорацийн (OУСК) санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдтэй холбоотой гомдол хүлээн авч, шийдэхэд туслалцаа үзүүлдэг, Дэлхийн банкны байгуулсан хараат бус байгууллага юм. ОТ төслийн санхүүжүүлэгч байгууллага болох ОУСК-ыг тус уурхай дээр Байгаль орчин, нийгмийн гүйцэтгэлийн стандартаа хэрэгжүүлж чадаагүй хэмээн буруутгасан.
ЭЗНХЗОГ гомдлыг хууль дүрмийн хэрэгжилт хянах, эвлэрүүлэн шийдэх гэсэн 2 аргаар шийддэг. Дээрх гомдлыг удаах аргаар нь шийдэхээр болсон. Малчдын гомдлыг үр дүнтэй шийдвэрлэхэд ОТ голлох үүрэгтэй гэдгээ ухамсарлаж, сайн дурын үндсэн дээр ЭЗНХЗОГ-ын эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцохоор болсон.
“Рио Тинто”-ийн орон нутгийн стандартын дагуу бүх уурхай НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн талаар баримтлах үндсэн зарчмууд”-тай нийцэх, шүүх байгууллагын оролцоогүйгээр гомдол хүлээн авч, шийдвэрлэх бүтэцтэй байх ёстой юм. Малчдыг гомдол гаргах үед ОТ-д санал, гомдол шийдэх бүтэц байсан (одоо ч байгаа), түүгээр шийдэх боломжтой байсан хэдий ч малчид хөндлөнгийн байгууллагын туслалцаатайгаар шийдүүлэх хүсэлт гаргасан тул ОТ малчдын сонголтыг хүндэтгэж, тухайн нөхцөлд малчдын үндэслэлтэй гэж үзсэн арга замаар зөвшилцөлд хүрэх нь зөв гэж үзсэн.
Талууд урт хугацаанд тогтвортой байх шийдэлд анхаарч 2017 оны 5 дугаар сард орон нутгийн хөгжлийн төлөөх тодорхой зорилтууд бүхий гомдол барагдуулах 2 гэрээ байгуулав. 4 жил үргэлжилсэн хэлцлийн туршид ОТ уулзалт цуглаанд бэлтгэлтэй оролцож, ажлаа цаг тухайд нь тайлагнаж ирсэн. “Рио Тинто”-оос энэхүү ажилд байнгын туслалцаа дэмжлэг үзүүлж ажилласан. ОТ олон нийттэй харилцах, хүний нөөц, хангамж, байгаль орчин, хуулийн багуудын төлөөлөл бүхий дотоод ажлын хэсэг байгуулж орон нутгийн харилцааны хэлтсийн менежерээр удирдуулав. Ажлын хэсэг үйл явцын тухай мэдээллийг OT, “Рио Тинто”-ийн ахлах удирдлагуудад тогтмол өгч ажилласан.
Харилцан тохирсон ажлууд нь гол асуудлуудын талаар нэгдсэн ойлголттой болж, ус, малчдын нөхөн олговрын талаар хөндлөнгийн судалгаа хийлгэхэд чиглэгдсэн. ЭЗНХЗОГ-аас эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч талуудад маргаан шийдэх талаар сургалт явуулсан нь оролцогчдыг чадваржуулах, тэдний дунд итгэлцэл бий болгоход ихээхэн дэмжлэг болсон.
2017 оны гэрээний дагуу ОТ болон орон нутгийн захиргаа хуучин худаг засах, шинэ худаг гаргах, бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах, төслийн нөлөөлөлд хамтын оролцоотой хяналт шинжилгээ хийх үүрэг хүлээсэн. Түүнчлэн ОТ нөхөн олговрын үр дүнг үнэлж, малчдыг сургалтад хамруулах, хөдөлмөр эрхлэх боломж олгох зэрэг малчдын тогтвортой амьжиргааг дэмжих ажил, санаачилгууд хэрэгжүүлэхийг зөвшөөрч тохиролцоонд хүрсэн.
ЭЗНХЗОГ-ын эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гомдол гаргаснаас хойш 7, тус байгууллагын туслалцаатайгаар маргаан шийдвэрлэх явц эхэлснээс 6 жилийн дараа буюу 2019 оны 3 дугаар сард албан ёсоор хаагдсан. Одоо ОТ малчид, орон нутгийн захиргаатай хамтран гэрээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Урт хугацааны үр өгөөж
Аль нэг тал нь “ялах” гэхээс илүүтэй асуудлыг цогцоор нь шийдэх нэгдмэл зорилготойгоор ажилласан нь энэ маргаан шийдэх үйл ажиллагааны амжилтын үндэс суурь болсон.
Зөрчил маргааныг шийдвэрлэх байнгын механизм бий болж, орон нутаг дахь оффисуудад санал гомдлыг нээлттэй хүлээн авах болсон нь дээрх гэрээнүүдийн хэрэгжилтийг хянахад нэмэр болох билээ. Энэ бол малчид, сумын удирдлага, ОТ компанийн төлөөллийг оролцуулан байгуулсан Гурван талт зөвлөл (ГТЗ) юм. ГТЗ тогтмол уулзалт зохион байгуулж, тулгарч буй сорилт, ажлын явц, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэх боломжийг талуудад олгосон. ОТ-н санал, гомдол барагдуулах механизм, орон нутгийн оффисын “нээлттэй хаалганы бодлого”-ын хүрээнд гэрээний хэрэгжилт болон бусад асуудлын талаар авч хэлэлцэх зэрэг бусад арга замууд хэвээрээ байгаа.
ГТЗ нь ОТ ХХК болон Өмнөговь аймгийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтэд оролцох засаглалын чухал элемент болсон ба ингэснээр гэрээний хэрэгжилтэд малчид оролцох боломжтой болсон. 2015 оны гэрээг ОТ болон аймаг, орон нутгийн удирдлагуудтай яриа хэлэлцээ хийж эхэлснээс хойш 4 жилийн дараа 2015 оны 4 дүгээр сард байгуулсан. Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд уг гэрээг ОТ ХХК, аймаг, орон нутгийн захиргаа, хот суурины оршин суугчид заавал биелүүлэх үүрэгтэй.
“Рио Тинто” энэ асуудлаар олон улсын байгууллага, Монголын иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, 2018 онд малчидтай ажилладаг олон улсын ТББ, “Рио Тинто”-ийн УЗ-ийн дарга, Гүйцэтгэх удирдлагын хорооны гишүүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Сургамж
- •Орон нутгийн иргэдийн санаа зовоосон асуудал, учир шалтгааныг нь үнэн зөв ойлгож мэдсэний үндсэн дээр уг асуудлыг үр дүнтэй шийдэх боломжтой. Нээлттэй, шударга, байнгын харилцааны үр дүнд аливаа асуудлын талаар ойлголттой болно.
- •Янз бүрийн төслийн судалгааны талаар орон нутгийн иргэдтэй ярилцаж зөвлөхийн ач холбогдлыг дутуу үнэлж болохгүй. Орон нутгийн иргэд төслийн судалгааны талаар техникийн ойлголттой болсноор төслийн нөлөөллийг илүү сайн ойлгож мэддэг.
- •Үр бүтээлтэй харилцаа нь итгэлцэл, процедурын шударга байдлаас хамаарна. Үүнийг төслөөс гаргаж байгаа шийдвэр, гомдол барагдуулах үйл явцын эргэн тойронд өрнөж буй яриа хэлэлцүүлгээс харж болно. Бүх талд адилхан хэмжээтэй тоглох талбай олгож, харилцан таалагдах шийдэл олох боломж олгох нь чухал.
- •Хурдан шийдэл хайх, “нэг ялагч”-тай байх зарчмаас маргааныг урт хугацаанд тогтвортой үр өгөөжтэй байхаар шийдэж чадахгүй л болов уу.
- •Маргааныг амжилттай шийдэхэд хугацаа, нөөц, бүтээлч шийдэлд хүрэх “дээрээс доошоо” бүх түвшний хүмүүсийн үүрэг оролцоо хэрэгтэй.
- •Засаж сайжруулах үйл ажиллагааны урт хугацааны үр дүнтэй хэрэгжилтийг засаглалын тохирсон бүтэц байгуулан хангаж болно. Гэрээний хэрэгжилт гарын үсэг зурснаас хойш удаан хугацаанд явагдаж болно. Үүнд төсөл бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ажилчид солигдох зэргийг тооцох.
Гурван талт зөвлөлийн уулзалт, Ханбогд сум
Хариулт үлдээнэ үү