Хэвлэлийн мэдээ: Хөдөөгийн эдийн засгийн хөгжилд Оюу Толгой ХХК-ийн зээлийн хөтөлбөр хувь нэмэр оруулж байна

– Говийн шим хөтөлбөрт 50 гаруй жижиг, дунд бизнес хамрагдаж, бизнесээ өргөжүүлж, хөдөөд ажлын байр бий болгож байна-

Улаанбаатар хот, Монгол улс – Уул уурхайн эрчимтэй хөгжлийг даган Өмнөговь аймгийн Ханбогд сумыг чиглэсэн хүмүүсийн урсгал нэмэгдэж, улмаар Улаанбаатараас Чойр, Ханбогд, Цагаан хадны чиглэлийн тээврийн үйлчилгээ эрс өсчээ. Энэхүү тээврийн үйлчигээний чиглэлүүд Өмнөговь аймгийн Манлай сумаар дайрч өнгөрдөг. Тиймээс цайны газар, хүнсний үйлдвэрлэл, зочид буудлын үйлчилгээ ихээхэн эрэлттэй байдаг. Гэтэл орон нутагт бэлэн хоолтой цайны газар цөөхөн ихэвчлэн захиалгаар үйлчилдэг болохоор явуулын хүмүүст хүндрэлтэй. Энэхүү хэрэгцээг олж харсан Манлай сумын иргэн Ц.Туяацэцэг хоолны газар нээж ажиллуулах хүсэлтэй ч хөрөнгө санхүү дутагдаж байлаа.

Иймээс Оюу Толгой ХХК-иас хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн бизнес эдийн засгийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж төсөл бичих сургалтад суун, хөнгөлөлттэй зээл авснаар цайны газрын бизнесээ эхлэх боломж бүрджээ. Тэрээр авсан зээлээрээ үйл ажиллагаагаа эхлэх тоног төхөөрөмж, түүхий эдээ худалдан авчээ. Хөтөлбөрийн хүрээнд явагдсан бизнесийн болон технологийн сургалтууд үр дүнгээ өгч Европ, Ази олон нэр төрлийн хоол хийхийг сурчээ.

Сургалтын үр дүнгийн талаар Ц.Туяацэцэг “Би цайны газар ажиллуулах хөрөнгийн эх үүсвэртэй болох, мэдлэг чадвараа нэмэгдүүлэхээр бизнесийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан. Бизнесийн гарааны зээлээ авлаа. Бас сургалтад сууснаар бизнестээ хэрэгцээтэй маш их зүйлийг мэдсэндээ сэтгэл хангалуун байдаг. Цаашид ч их зүйл сурч ажил амьдралдаа хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна” хэмээн ярилаа. Тэдний цайны газар байрлал сайтай, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгсэл дайрч өнгөрдөг замд байрлах учир орлого сайтай байдаг аж.

Орон нутаг дахь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжиж, сургалт, мэдээллээр хангаснаар тогтвортой, урт хугацааны өгөөжтэй хөрөнгө оруулалт болж байгаа юм. Ингэснээр уул уурхай болон бусад томоохон зах зээлээс хамааралгүй, цаашид бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх боломжийг ч олгож байна. Нөгөө талаас шинээр ажлын байр бий болж, олон айл өрхийн орлого нэмэгдэх боломж бүрдэж байна.

Оюу Толгой ХХК-иас “Орон нутгийн бизнес эдийн засгийг дэмжих хөтөлбөр”-ийг 2011 оны 1 дүгээр сараас эхлэн хөдөө орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, малчдад зориулан хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрт Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Даланзадгад, Баян-Овоо сумын иргэд хамрагдан, 50 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээл авчээ. Зөвхөн Манлай сумаас гэхэд 11 бизнес эрхлэгч 67.5 сая төгрөгийн зээл авч бизнесийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлжээ.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн