1. Хаягдал хадгалах байгууламж гэж юу вэ?
Уурхайгаас олборлосон хүдэр нь баяжуулах үйлдвэр рүү орж, шаардлагатай бодис болон усны тусламжтайгаар боловсруулагдан, нэг хэсэг нь баяжмал, нөгөө хэсэг нь зутан хэлбэрийн хаягдал болдог. Тэр хаягдлыг шууд ил задгай хаях нь экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж болох учир тусгай зориулалтын далан буюу хаягдал хадгалах сан үүсгэн барьж хадгалдаг. Уг барьсан далан болон хадгалагдаж буй хаягдлыг нийтэд нь хаягдал хадгалах байгууламж гэж нэрлэдэг.
2. Хаягдал хадгалах байгууламжийн ямар төрлүүд байдаг вэ?
Хаягдал хадгалах байгууламж нь далан барих замаар цөөрөм үүсгэн хаягдал хадгалах, бэлэн цөөрөм, хаагдсан ил болон далд уурхайг ашиглан хадгалах гэх мэт олон төрөл байдаг. Олон улсад ихэнхдээ далан барих замаар хадгалах аргыг ашигладаг.
Жишээ нь, уулаар хүрээлэгдсэн хэсэгт байгалийн тогтцыг ашиглан амыг нь хааж барих төрлийн даланг та бидний мэдэх Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ашигладаг.
Харин Оюу Толгойн уурхайд тэгш тал гадаргуу дээр 4 талаас нь хашсан далан барьж хаягдлаа дотор нь хадгалдаг.
3. Хаягдал хадгалах байгууламжийн даланг яаж барьдаг вэ?
Далангийн барилгыг гол төлөв дараах 3 аргаар барьж байна. Үүнд:
– Хаягдал дээр нь өсгөх арга:
Энэхүү аргачлал нь далангийн барилгыг хаягдал дээр нь өсгөх замаар даланг хумьж өндөрлөх хэлбэрээр барьдаг, ашиглалтын талбай бага шаарддаг, эдийн засгийн хувьд зардал багатай хэдий ч далан задрах эрсдэл хамгийн өндөр.
– Гадагш тэлэх арга:
Энэхүү аргачлал нь барилгын суурийг зузаатгах замаар далангийн ханыг гадагш тэлж барьдаг тул барилгажих талбай их ордог, түүнийгээ дагаад эдийн засгийн хувьд зардал өндөртэйхэдий ч далан задрах эрсдэл хамгийн бага.
– Эгц дээш нь өсгөх арга:
Энэхүү аргачлал нь далангийн барилгын ханыг эгц дээш өрж, даланг гадагш тэлж зузаатгах замаар барьдаг дээрх 2 аргачлалын холимог арга гэж ойлгож болно. Эдийн засгийн хувьд гадагш тэлэх аргаас зардал багатай хэдий ч эрсдэл өндөр.
4. Оюу толгойн уурхайд ямар төрлийн Хаягдал хадгалах байгууламж ашиглаж байна вэ?
Оюу толгойн уурхай нь тал газар байрладаг тул хамгийн тохиромжтой шийдэл болох 4 талаас нь хашсан далан барьсан. Энэхүү далан нь гадагш тэлэх аргачлалаар баригддаг бөгөөд задрах эрсдэл хамгийн бага буюу барилгын суурийг зузаатгах замаар далангийн ханыг гадагш тэлэх аргачлал юм. Тухайн далангийн байгуулалт нь хааш хаашаа 2 км урт, дөрвөлжин хэлбэртэй.
5. Хаягдал хадгалах байгууламжтай адил байгууламжийг өөр ямар салбарууд ашигладаг вэ?
Энэ төрлийн байгууламжийг уул уурхайгаас гадна усан цахилгаан станцууд, усан сангууд ус хуримтлуулах зорилгоор, дулааны болон цахилгаан станцууд хаягдал үнс хадгалах зорилгоор, цэвэрлэх байгууламжууд лаг хадгалах зорилгоор тус тус ашигладаг.
6. Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн хаягдал хаягдлын сан руу хэрхэн зөөвөрлөгддөг вэ?
Баяжуулах үйлдвэр рүү орсон нийт хүдрийн ердөө 2% нь зэсийн баяжмал буюу эцсийн бүтээгдэхүүн болдог бол 98% хувь нь хаягдал болдог. Уг хаягдал нь 60% хатуулагтай зутан байдлаар баяжуулах үйлдвэрээс 5 км зайтай байрлах Хаягдал хадгалах сан руу тусгай зориулалтын хоолойгоор тээвэрлэгдэн хүргэгддэг.
7. Хаягдал хадгалах сан дүүрэхээр яадаг вэ?
Хаягдал хадгалах санд хадгалагдаж буй хаягдал төлөвлөсөн хэмжээнд хүрч дүүрэхэд дараагийн шинэ далангийн барилгад хаягдлаа хуримтлуулж эхэлдэг. Энэ жишгээр Оюу толгойн уурхай 2013 оноос хойш ашигласан 1-р санг 2023 онд хааж, 2-р хаягдлын санг ашиглалтад оруулсан. 2-р санг цаашид 2034 он хүртэл ашиглахаар төлөвлөж байна.
8. Хаягдал хадгалах байгууламжийн эрсдэл нь юу байдаг вэ? Эдгээр эрсдэлээс Оюу толгой хэрхэн сэргийлж байна вэ?
Оюу толгойн уурхайн далангийн барилга нь газар зүйн байрлалын хувьд хур тунадас багатай, газар хөдлөлтийн идэвхтэй цэгээс алслагдмал байдаг нь эрсдэлийн түвшнийг бууруулдаг бөгөөд далан барих аргачлалын хувьд гадагш тэлэх аргаар барьж байгаа нь далан задрах эрсдэлийг багасгах юм.
Далан задрах процесс нь далангийн шүүлтүүр бүст ан цав, цуурал үүссэнээр эхэлнэ. Оюу толгойн даланд мэргэжлийн инженер техникийн ажилчид өдөр бүр үзлэг шалгалт хийж ан цав, цуурал үүсэж байгаа эсэхийг хянадаг. Хэрвээ үүссэн тохиолдолд түүнийг байнгын хяналтдаа авч өдөр тутмын хэмжилт хийж, шаардлагатай үед тухайн хэсгийн барилгын ажлыг дахин хийж урьдчилан сэргийлдэг.
Далангийн барилгын ажлын явцад байнгын хяналт мониторингийн ажлыг хийдэг ба ашиглалтад орсноос хойш 400 гаруй хяналтын багажаар 24 цагийн турш хянаж байна. Энэ нь учирч болох олон эрсдэлийг урьдаас тогтоох, илрүүлэх зорилготой ба ингэснээр далан задрах эрсдэлийг хянаж байгаа юм. Хүдрийн хаягдал нь зутан хэлбэрийн усархаг хаягдал байдаг бөгөөд далангийн барилгын харилцан үйлчлэлээр байнгын шүүрэл явагдаж байдаг.
Хэрвээ шүүрэл явагдаж чадахгүй бол ус хуримтлагдан далангийн хананд ирэх даралт ихсэж далан задрах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Шүүрлийг хянаагүйгээс үүдэн нэвчсэн усыг байгальд алдах эрсдэл үүсэж болзошгүй. Тиймээс Оюу толгойн далангийн барилгад суурийн нэвчилтийг бууруулах зорилгоор периметрийн дагуу 8-12м гүн бүхий түгжээс хана ухаж, шавраар дүүргэсэн.
Харин шүүрсэн урсцыг байгальд алдахгүй байхаар даланг тойрсон цуглуулах систем буюу шуудуу болон цөөрмүүдийг хийж, цугласан усыг дахин ашигладаг.
Даланд учирч болох өөр нэгэн эрсдэл нь далангийн ашиглалтын явцад үүсэх тоосжилт юм. Их хэмжээний тоосжилт нь хүний эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөг үзүүлж болзошгүй юм. Оюу толгойн уурхай далангийн ашиглалтын тоосжилтыг олон үүрээ сэлгэж хаягдал хаях аргачлалаар гадаргуугийн талбайг байнгын чийгтэй байлгаж тоосжилтыг хянадаг. Далангийн барилгын ашиглалтын хугацаа дуусахад төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээлт хийж хаягдлыг хучсанаар цаашид тоосжилт үүсэх эрсдэлээс сэргийлнэ.
9. Оюу толгой Хаягдал хадгалах байгууламжийн удирдлагын ямар стандартыг мөрддөг вэ?
2012 оноос далангын барилгын удирдлагадаа Rio Tinto-н D5 буюу “Хаягдлын сан, усан сангийн удирдлага” гэсэн стандартыг дагаж байгаа бөгөөд энэхүү стандарт нь ANCOLD стандарт дээр суурилсан байдаг. Энэхүү стандартыг Австрали, Канад, Америк г.м Рио Тинтогийн бүх уурхайд ашигладаг. D5 стандартын дагуу далангийн барилгын ажлын зураг төсөл эхлэхээс авхуулаад барилгын гүйцэтгэлийн ажлын явц болон ашиглалтын үйл ажиллагаа дээр салбартаа 30 гаруй жилийн туршлагатай мэргэжилтнүүдээр хөндлөнгийн хяналтыг хийлгэдэг. Хөндлөнгийн хяналт хийж байгаа мэргэжилтнүүдийн хяналтын үйл ажиллагаанд мөн салбартаа 40 гаруй жилийн туршлагатай мэргэжилтнүүд магадалгаа хийж, заавар зөвлөгөө, хяналтыг давхар өгч байдаг. Энэ олон давхар хөндлөнгийн хяналтын систем нь алдаа гаргах эрсдэлийг бууруулах зорилготой юм.
10. Энэхүү стандартаас илүү стандарт байдаг уу?
2021 онд дэлхийн томоохон уул уурхайн салбарын төлөөллүүд болон хөрөнгө оруулагч нар далан задрах эрсдэлийг бууруулах, хяналтыг нарийвчлан сайжруулахын тулд GISTM /Global industry standard tailings management/ цогц стандартыг гаргасан. “Оюу толгой” ХХК нь 2025 оны дундаас энэ стандартыг дагаж ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Энэхүү стандарт нь далангийн тогтвортой байдлыг хянах үндсэн зорилготой бөгөөд тухайн бүс нутгийн оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх заалтууд оруулж өгснөөрөө илүү давуу талтай юм.
11. Оюу толгойн Хаягдал хадгалах санд агуулагдаж буй баяжмалын хаягдалд ямар бодисууд байдаг вэ? Тэдгээр бодисууд сөрөг нөлөөтэй юу?
Оюу толгойн Баяжуулах үйлдвэр хөвүүлэн баяжуулах шат дамжлага болон дамжуулах хоолойг хамгаалахын тулд 10 төрлийн бодис ашигладаг. Эдгээр бодисууд нь маш бага тунгаар хэрэглэгддэгээс гадна олон шат дамжин далан руу ирдэг бөгөөд тухайн бодисууд агаарт задардаггүй, амьд бие махбодод хуримтлагдах шинж чанаргүй юм.
12. Оюу толгойн Хаягдал хадгалах байгууламжтай холбоотой ямар асуудал гарсан бэ?
Оюу толгойн уурхайн талбар дахь Хаягдал хадгалах байгууламжийн 1-р сангаас, Техник эдийн засгийн судалгаан дээр тооцоолон тусгагдсанчлан шүүрэл үүссэн ба уг шүүрлээс гарсан усыг цуглуулах сангаас уурхайн талбайн гадна 60 метрийн зайд нэвчилт тархсаныг тогтмол хийгддэг хяналт шалгалтаар 2021 онд тогтоосон. “Оюу толгой” компанийн бодлого, журмын дагуу дотоод болон хөндлөнгийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор нарийвчилсан хяналт шинжилгээ хийж, уг нэвчилтийг бүртгэн арга хэмжээ авч байна.
13. Нэвчилт үүссэний улмаас орон нутгийн малчдын ундны усны чанарт нөлөөлсөн үү?
Нэвчилт үүссэний улмаас малчдын худгийн усны чанар болон бусад усны нөөцөд ямар нэгэн сөрөг нөлөөлөл үзүүлээгүй болох нь хяналт шинжилгээний үр дүнгээр батлагдсан.
Дэлгэрэнгүй мэдээллийг харна уу.
14. Хаягдал хадгалах байгууламжийн талаар орон нутгийн иргэд мэдээлэлтэй байгаа юу?
“Оюу толгой” компани орон нутгийн иргэд,холбогдох оролцогч талууд, тэр дундаа Засгийн газрын байгууллагууд, Зээлдүүлэгчдийн хөндлөнгийн аудиторуудтай ил тод, нээлттэй байдлаар харилцаж, зөвлөлдөж ирсэн төдийгүй ажлын талбайд зочлуулж, нэвчилтийн нөхцөл байдалтай биечлэн танилцуулж байна.
Хариулт үлдээнэ үү