“ХАМТДАА” амжилт сайшаах хөтөлбөрийн хагас жилийн шилдгийг шалгаруулах ёслол уурхайн талбарт амжилттай зохион байгуулагдлаа. Компанийн тэргүүлэх таван чиглэл болох аюулгүй ажиллагаа, хамт олон, мөнгөн хөрөнгө, түншлэл, өсөлт болон “Нэгдмэл Оюу толгой” гэсэн зургаан ангилалд энэ оны эхний хагаст амжилт бүтээлээрээ тэргүүлсэн шилдэг төсөл, хөтөлбөрүүд тодорсон юм. Энэ удаад бизнесийн бүх хэсгээс 20 нэр дэвшигчийн маягтыг хүлээн авсан бөгөөд ийнхүү зургаан төсөл хөтөлбөрийн 40 ажилтан ялагч боллоо. Ялагчдыг гэр бүлийнхээ нэг гишүүнийг уурхайд айлчлуулах эрхээр шагнасан бөгөөд шалгарсан төсөл, хөтөлбөрүүд цаашлаад “Рио Тинто” группийн хэмжээн дэх Ерөнхий захирлын нэрэмжит шинэ бүтээлийн шагналд өрсөлдөх болно.
Аюулгүй ажиллагаа
“Саппорт Сервисес Монголия” ХХК-ийн хувьд 2017 онд осолд дөхсөн тохиолдол, гэмтэл бэртлийн тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байсан байна. Иймээс тэд аюулгүй ажиллагааг сайжруулах цогц төлөвлөгөөг боловсруулснаар 2018 оны 1-р сарын сүүл үеэс хойш ямар нэгэн бүртгэгдсэн бэртэл гэмтэлгүй ажиллаж 2018 оны 7 сарын сүүлийн байдлаар гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт1.03-аас 0.13 болж буурсан байна.
Хамт олон
Саяхныг хүртэл гүний уурхайн аврах үйл ажиллагаа төдийгүй гүний уурхайн үйл ажиллагаанд ч эмэгтэй хүн ажиллах боломжгүй байсан. Харин “Оюу толгой”-н уурхайн аврах болон гүний уурхайн аврах албаны санаачилгын ачаар манай инженер Ш.Даваасүрэн маань “Оюу толгой”-н анхны Монгол эмэгтэй уурхайн аврагч болсон юм. Энэ үйл явдал нь Оюу толгойд ажиллаж буй эмэгтэйчүүдийн хувьд төдийгүй Монгол улсын уул уурхайн салбар дах эмэгтэйчүүдийн хувьд чухлаар тооцогдох үйл явдал юм.
Мөнгөн хөрөнгө
Гүний уурхайн бизнес нэгтгэл, худалдан авалтын багаас орон нутгийн оролцоог дээшлүүлэх чиглэлээр өрөмдлөгийн ажлын хэрэглэгдэхүүнүүд, хүнд машин механизмын сэлбэг, чулуулгийн бэхэлгээний материал нийлүүлэлтийн талаар хоёр санаачилга гарган хэрэгжүүлээд байна. Ханбогд суманд агуулахаа байрлуулан бараа материал бэлтгэн нийлүүлж чадахаа илэрхийлсэн хэд хэдэн байгууллагатай тус багийнхан амжилттай хэлцэл хийсэн. 2017 оны 7 дугаар сараас хойш бэлэн байлгах нөөцийн үнэлгээг 1 сая ам.доллараар багасгасан бол 2016 оны 10 дугаар сараас хойш Гүний уурхай дахь нэг тууш метр өрөмдлөг тутамд ноогдох хэрэглэгдэхүүний зардлыг хоёр дахин бууруулж чаджээ. Төслийн эхэн үед тавьсан зорилтот дүнг давуулан 2 тэрбум гаруй ам.долларын худалдан авалтыг дотоодын компаниудаас хийсэн байна.
Түншлэл
“Оюу толгой” ХХК нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Говийн Оюу хөгжлийг дэмжих сан, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар болон Олон улсын санхүүгийн корпораци зэрэг байгууллагуудтай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж түншлэл тогтоон Монгол улс дахь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Үүнд Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотод жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх төвүүдийг байгуулж, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, бизнесийн шударга байдал, санхүүгийн мэдлэг, бизнесийн менежмент, нийлүүлэлтийн гинжин хэлхээ болон бусад чиглэлээр сургалт зохион байгуулж байна.
Өсөлт
Гүний уурхайн пайзны самбар нь ээлж солих, тэсэлгээ болон гэнэтийн ослын үеэр гүний уурхайд ажиллаж байгаа ажилчдын аюулгүй байдлыг хангах зориулалтай хяналтын үндсэн механизмуудын нэг юм. Энэхүү хамтын санаачилгын хүрээнд гүний уурхайн босоо амын үйл ажиллагаа, гүний уурхайн хангамж, гүний уурхайн мэдээлэл технологийн баг нь одоо байгаа системийг электроник пайзны самбар, RFID пайз, хүрдэн хаалга, карт уншуулагч, хяналтын камер зэргийг нэвтрүүлэх замаар илүү боловсронгуй болгож сайжруулсан байна.
ХАМТДАА
Бид харилцагч талууд болон албаны хүмүүст “Оюу толгойн”-н үйл ажиллагааг танилцуулж, компаниа нэр төртэй төлөөлөн ажиллаж, сурталчлах ажилд онцгой хүчин чармайлт гаргасан “Оюу толгой”-н багуудын хамтын зүтгэлийг өндрөөр үнэлж байна. Тэд компанийн дотоод болон гадаад харилцааны хамтын ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж, бизнесийг дэмжихтэй холбоотой баримт, нотолгоо, тайлбар зэргийг боловсруулахдаа өөрийн хариуцсан ажилдаа эзэн болсноо харуулж чадсан юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.