“Уул уурхайн салбарт ХДХВ/ДОХ-оос сэргийлэх” төслийг Оюу Толгой төсөл дээр хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоотой хамтран “Уул уурхайн салбарт ХДХВ/ДОХ-оос сэргийлэх” төслийг Оюу Толгой төсөл дээр хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.

Азийн Хөгжлийн Банк төслийг санхүүжүүлж, Эрүүл мэндийн яам, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо (МАОЭНХ) хамтран 2008 оноос хойш хэрэгжүүлж буй уг төслийн зорилго нь ХДХВ/ДОХ-оос сэргийлэх боловсролыг олгоход оршино.

Уг төслийн хүрээнд Оюу Толгой болон МАОЭНХ нь Оюу Толгойг “загвар байгууллага” болгох зорилготой юм. Уг санамж бичигт гарын үсэг зурсанаар Оюу Толгой ХХК нь төслийн талбай дээр сайн дурын зөвлөгөө авах болон шинжилгээ өгөх, энэ талын боловсрол олгох сургалтын төвийг байгуулахаас гадна бэлгийн замын бусад халдварт өвчний үзлэг шинжилгээний тоног төхөөрөмж, шаардлагатай эм хэрэгслээр хангах юм.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МаКрей төслийн талаар “Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоотой хамтран ХДХВ/ДОХ-оос сэргийлэх төслийг хамтран хэрэгжүүлэх болсондоо баяртай байна. Оюу Толгой компани нь өөрсдийн ажилтан ажиллагсадын эрүүл мэнд, аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьдаг бөгөөд энэхүү төсөл нь үүрэг хариуцлагаа биелүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах болно” хэмээн хэллээ.

Санамж бичигт Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МаКрей, Бүс нутгийн хөгжил, олон нийтийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Дэвид Патерсон, МАОЭНХ-ны Ерөнхийлөгч Л. Нямсамбуу, Гүйцэтгэх захирал Х. Ганбаатар нар гарын үсэг зурлаа.

Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа
Ц.Ганзориг
Утас: 331880-3374


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн