Монгол Улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК нь Төмөр-Очирын Мөнхбатыг тус компанийн Уурхайн Үйл ажиллагааны төслүүд хариуцсан дэд захирлаар томилж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Түүний эрхлэх ажлын хүрээнд уурхайн үйл ажиллагаа, зэсийн баяжмалын тээвэр зохицуулалт мөн Монголын техникийн чиглэлийн байгууллага, мэргэжилтнүүдтэй болон уурхайд үйлчилгээ үзүүлэгч бусад байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг ажлууд хамрагдах юм. Т. Мөнхбатын хариуцах эхний ажил нь 2012 оноос үйлдвэрлэж эхлэх зэсийн баяжмалын тээвэрлэлттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх ажил байх юм.

Оюу Толгой ХХК-ийн Уурхайн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Мэтт Гили “Т. Мөнхбатыг шинэ албанд томилогдсонд баяр хүргэж хэлсэн үгэндээ “Би түүнтэй болон түүний багтай нягт хамтран ажиллаж Оюу Толгой төслийн цаашдын бүтээн байгуулалтанд чухал хувь нэмрийг оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэмдэглэлээ.

Оюу Толгой ХХК нь Монголчуудыг ажлын байраар хангах, сургаж дадлагажуулах, албан тушаал дэвшүүлэн ажиллуулахад онцгойлон анхаарч байгаа юм. Өнөөдрийн байдлаар Оюу Толгой төсөлд 3630 Монгол ажилтан байгаа нь нийт ажиллах хүчний 63% болж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу:

Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа
Ц.Ганзориг
Ажил: +976-11-331880 (дотуур. 3374)

ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгойн үйлдвэрлэл 2012 оноос эхлэх бөгөөд Монголын хамгийн том зэс-алтны уурхай болох болно. Тус компани нь 34%-ийг эзэмшигч Монгол Улсын Засгийн Газар, 66%-ийг эзэмшигч Айвенхоу Майнз болон Рио Тинто компанийн стратегийн түншлэлийн дүнд байгуулагдсан.

Оюу Толгой ХХК нь байгаль орчны шилдэг туршлагыг хэрэгжүүлж, олборлолт боловсруулалтын тэргүүний технологийг нэвтрүүлэн өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч ажилладаг. Бид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, соёлын өв, зан заншлыг хадгалж хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

Оюу Толгойд өнөөдрийн байдлаар 3630 Монгол ажилтан ажиллагсад ажиллаж байгаа ба 2420 Монгол компани ханган нийлүүлэгчдийн жагсаалтанд бүртгэгдээд байна.

Оюу Толгой “Монголчуудад давуу эрх олгох” санаачилгыг хэрэгжүүлж байгаа бөгөөд өөрийн хэрэгцээт бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголоос нээлттэй, ил тод зарчмын үндсэн дээр худалдан авахад онцгойлон анхаардаг. Бид орон нутгийн ханган нийлүүлэгчдэд шинэ боломжуудыг олгон ажиллаж энэ онд бараа, үйлчилгээний 80%-ийг дотоодын ханган нийлүүлэгчдээс худалдан авсан.

Төмөр-Очирын Мөнхбат

Т. Мөнхбат нь Украйны Львовын Улсын Их Сургуулийг инженер-геохимич, эрдэс судлаач мэргэжлээр төгссөн. Тэрээр Монгол Улсын Шинжлэх Ухааны Академид эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажиллаж байгаад 1995 оноос Монгол-АНУ-ын хамтарсан Эрдэнэт-Магма компанид ажилласан. Т.Мөнхбат нь 1996 онд Оюу Толгойг анх нээсэн геологчдын нэг юм. 1997-1999 хооронд Би Эйч Пи компанийн Монгол дахь төслийн геологичоор ажилласан. Т. Мөнхбат Оюу Толгой төсөлд төслийн ахлах геологич, тусгай төслийн менежер, 2006 оноос Төслийн дэд захирлаар ажиллаж ирсэн. Т.Мөнхбат өөрийн багийн хамт Оюу Толгой (бүлэг) ордын хайгуулын ажлыг гүйцэтгэсэн, нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн, Оюу Толгойн төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэлийг батлуулах зэргээр төслийг өнөөгийн түвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулж ажилласан.