Тогтвортой үр өгөөж авчрах төслүүдэд бид түлхүү анхаардаг

Hийгэм, эдийн засгийн урт хугацааны хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө ажилладаг олон бизнесийн байгууллага бий. Оюу Толгой ХХК-ийн Нийгмийн харилцаа хариуцсан Ерөнхий менежер Ш.Байгалмаа тус компанийн нийгмийн хөрөнгө оруулалтын үйл ажиллаганы талаар танилцууллаа.

Оюу Толгой компанийн нийгмийн хөрөнгө оруулалтын бодлогын талаар танилцуулна уу.

Оюу Толгой компани нь нийгмийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг улс орны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, хүрээлэн буй орчныг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулах зорилгынхоо хүрээнд орон нутаг, нийгмийн бүлгүүдэд чиглэсэн урт хугацаанд тогтвортой үр өгөөж авчрах, нэн ялангуяа хүний хөгжил, боловсролыг тэтгэх, байгаль орчныг хамгаалах шинэлэг, оновчтой төсөл хөтөлбөр, санал санаачилгыг дэмжих бодлого баримталдаг.

Бидний хувьд компанийн нийгмийн хөрөнгө оруулалт гэдэгт Оюу Толгой компанийн зүгээс Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг бэхжүүлэхэд чиглэсэн гэрээгээр хүлээсэн болон сайн дураараа санаачлан хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, тэтгэлэгт хөтөлбөрүүд, хандив, тусламжийг дээрх бодлогын хүрээнд хамруулж ойлгодог. Манай нийгмийн хөрөнгө оруулалтын урт хугацааны томоохон төслүүд уурхай ажиллаж байгаа Өмнөговь аймагт болон боловсролын салбарт төвлөрч байна.

Бид Нийгмийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тайланг он оноор нь гарган нийтэд мэдээлж байна. Оюу толгой уурхайн бүтээн байгуулалт дуусах шатандаа ороод байсан 2012 онд 38 тэрбум төгрөгийн, өнгөрсөн 2013 онд 50 орчим тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийгээд байна. Эдгээр санхүүжилт нь эдийн засаг, боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, соёлын өвийг хамгаалах чиглэлийн үйл ажиллагаанд зарцуулагдсан. Товч дурьдахад, эдийн засгийн хөгжлийн төслүүд нь ихэнхдээ Өмнөговьд төвлөрч байгаа ба инженерийн болон нийгмийн дэд бүтцийн, малчдын амьжиргааг дээшлүүлэх, ханган нийлүүлэгчдийн чадавхийг бэхжүүлэх, бичил зээл олгох, орон нутгийн бизнесийн хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд багтаж байна. Харин боловсролын төслүүдэд мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх болон оюутны тэтгэлэгт хөтөлбөр багтаж байна.

Хөрөнгө оруулсан төслүүдийнхээ үр дүнг мэдээж сонирхдог байх. Хүрсэн үр дүнд нь сэтгэл хангалуун байгаа юу?

Компанийн зүгээс санхүүжүүлж хэрэгжүүлж байгаа нийгмийн хөрөнгө оруулалтын төслүүд нь бүгд л өөр өөрийн чиглэлээр тухайлбал, байгаль орчин, боловсрол, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах гэсэн гол зорилгоо хангахуйц үр дүнтэй хэрэгжиж байна.

Боловсролын чиглэлийн төслүүд үр дүнтэй хэрэгжиж байна. 2013 онд бид 29 тэрбум төгрөгийн нийгмийн хөрөнгө оруулалтыг мэргэжлийн боловсролыг дэмжихэд зориуллаа. Тухайлбал, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт Монгол-Германы ашигт малтмал технологийн их сургуулийн цогцолборын барилгыг 11 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн бүтээн босголоо. Түүнчлэн, 3.8 тэрбум төгрөгөөр Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежийн байрыг өргөтгөн, оюутны байрыг нь шинэчилж, хүлээлгэн өглөө. Түүнчлэн, 2013 онд Өмнөговь аймгийн хэмжээнд 117 сая төгрөгийг оюуны хөрөнгө оруулалтад зарцуулж, оюутны тэтгэлэг олгоод байна. 2005 оноос хэрэгжсэн энэ хөтөлбөрт нийтдээ Өмнөговийн 242 оюутан залуус хамрагдаад байна.

Нийгмийн хөрөнгө оруулалтын 20 гаруй тэрбум төгрөг нь Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрт зориулагдаад байгааг онцлон дурдахыг хүсч байна. Үүний дотор эдийн засгийн чиглэлийн төслүүдэд юуны өмнө дэд бүтцийн хөгжлийн төслүүд амжилттай хэрэгжиж байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумыг 2013 оны 11-р сард байнгын эрчим хүчний эх үүсвэртэй холболоо. Ингэснээр Ханбогдын иргэд, байгууллагууд эдийн засаг нийгмийн чадавхи, амьдралын чанараа дээшлүүлэх боломж нээгдэж байна. Оюу Толгой уурхайгаас Ханбогд сумын хооронд 40 км урт, 35 кВт-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцын туршилт, тохиргооны ажилд нийт 7.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн ба уг ажлыг үндэсний компаниуд амжилттай гүйцэтгэсэнд бид баяртай байдаг.

Соёлын өвийг хамгаалах чиглэлээр маш сонирхолтой ажлуудыг Оюу Толгой компани хийж хэрэгжүүлж ирсэн. 2013 онд Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг Шар цавын үлэг гүрвэлийн мөр бүхий Палеонтологийн дурсгалт газрыг хамгаалах, их говийн дурсгалт газрууд, тахилга шүтээн бүхий 13 өвт газарт тогтмол хяналт, ажиглалт хийх ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэж байна. Мөн “Цогт Цагийн Хүрдэн” төрийн бус байгууллагын хэрэгжүүлж буй Ганжуур, Данжуур их хөлгөн судрыг орчин цагийн монгол хэлнээ буулгах төслийг дэмжиж, тухайн судруудыг Өмнөговь аймгийн төв номын сан, Маанийн хийд, Ханбогд сумын Улаан сахиусны Бадамдэмчогнайн хийд, Ханбогд сумын номын санд залах төсөл говийн олон нийтийн талархлыг хүлээсэн ажиллагаа болсонд сэтгэл хангалуун байдаг.

Уул уурхайн компанийн хувьд байгаль орчны асуудал нэн тэргүүнд тавигддаг. Оюу Толгой компанийн байгаль орчны цогц хөтөлбөрийн зорилго нь энэ бүс нутгийн байгаль орчинд уурхайн үйл ажиллагаанаас үүдэн гарах аливаа нөлөөллийг хамгийн бага төвшинд байлгаж, оролцогч талуудтай нягт хамтран ажиллахад оршино. Энэ чиглэлээр хийгдэж буй олон ажлуудаас дурдвал, Ханбогд сумын 23 малчин манай компанийн байгаль орчны мэргэжилтнүүдтэй хамтран сумын 30 худаг, уст цэгүүдийн усны түвшин, чанарт мониторинг хийж байна. Бид малчдын хийсэн хэмжилтийг өөрсдийн мэргэжлийн хүмүүсийн хийсэн хэмжилттэй харьцуулан нэгтгэж ажиглалтынхаа үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлдэг. 2013 онд тоосны ажиглалтыг 14 малчны оролцоотойгоор 15 цэгт эхлүүлсэн. Малчидтай хамтран байгаль орчинд хяналт, үнэлгээ хийх энэхүү хөтөлбөрт зориулж 2013 онд нийт 162 сая төгрөг зарцууллаа. Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын урсцыг нэмэгдүүлэхийн тулд голын эх хавийн урсац бүрэлдэх газарт мод тарих төсөлд санхүүжилт олгож, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт 2013 онд 304 сая төгрөгийн санхүүжилт хийснээр 35 мянган модны суулгац суулгаад байна.

Ийм байдлаар амжилттай хэрэгжиж үр дүнд хүрсэн маш олон ажлуудыг дурдаж болохоор байна. Компанийн Нийгмийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг 2013 оны Тогтвортой хөгжлийн тайлангаас үзэх боломжтой.

Тогтвортой хөгжлийн тайлангийнхаа талаар танилцуулна уу.

Оюу Толгой компани Тогтвортой хөгжлийн анхны тайлангаа бэлтгэн гаргаж байна. Анхны гэдэг утгаараа их онцлог гэж ойлгож болно. Оюу Толгой компани 2013 онд үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж хэрхэн ажилласан тухай тайлангаа та бүхэндээ хүргэж байна.

Ийм тайлан гаргах нь бизнесийн байгууллагуудын хувьд сайн дураараа хүлээн хэрэгжүүлэх үүрэг байдаг. Тогтвортой хөгжлийн тайлан гаргана бол ил тод тайлагнах тухай үүргээ биелүүлж байна гэсэн үг. Ингэж тайлагнах нь компанийн зүгээс оролцогч талуудтайгаа үр дүнтэйгээр хамтран ажиллах, харилцан ойлголцоход чухал ач холбогдолтой. Ингэж харилцан ойлголцох нь хүчирхэг, тогтвортой, бас үр ашигтай бизнесийг хөгжүүлэх үндсийн нэг билээ. Энэ тайланг үзэхийг хүсвэл манай ot.mn цахим хуудсанд орж үзэх боломжтой байгаа.

Оюу толгой компанид хандан хэрхэн санхүүгийн дэмжлэг хүсэх вэ? Ямар чиглэлээр санхүүжилт олгодог вэ?

Оюу Толгой компаниас тусламж, хандив, санхүүжилт хүссэн санал хүсэлтүүд их ирдэг. Эдгээрээс уурхай ажиллаж буй Өмнөговь аймагт хэрэгжих төсөлд хөтөлбөрт голлон анхаардаг. Харамсалтай нь санхүүгийн боломж болон тогтсон шалгуур үзүүлэлтэд нийцсэн эсэхээс хамаарч ирсэн хүсэлт санал бүрийг дэмжих боломж байдаггүй. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргахдаа, компанийн нийгмийн хөрөнгө оруулалтын бодлого болон компанийн ёсзүйн дүрмийг мөрдлөг болгож ажиллаж байна. Бид нийгмийн хөрөнгө оруулалтын төслүүдийнхээ үр дүн, амжилтыг олон нийтэд болон төслийн оролцогч талуудад зориулж компанийн веб хуудсандаа тогтмол тайлагнаж байна. Тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг Эндээс хаягаар авах боломжтой байгаа.