Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга С.Эрдэнэжаргал “Нээлттэй хаалга” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр Ханбогд сумын хөгжил, ирээдүйн боломжууд болон түүнд Оюу толгойн оруулж буй хувь нэмрийн талаар санал бодлоо хуваалцсан байна. Ханбогд сумын Засаг дарга С.Эрдэнэжаргал Ханбогд сум газар зүйн хувьд онцлог бүсэд оршдог тухай дурдаад Оюу толгой “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-гаар дамжуулан тус суманд хийгдэж буй бүтээн байгуулалтыг онцолсон байна.
Ханбогд, өмнөд бүс нутгийн стратегийн ач холбогдол бүхий хөгжлийг тодорхойлох сум
Өмнийн цэнхэр говь… Өвөг дээдсээс өвлүүлсэн эрдэс баялгийн өлгий нутаг… Өнөө цагт монголчуудыг дэлхийн энд хүргэх эдийн засгийн том боломж… Ингэж л хардаг байлаа. Харин энэ удаа дэлхий дайдад яригддаг Оюутолгойн орд газар орших Ханбогд сумын Засаг дарга С.Эрдэнэжаргалыг “VIPERSON”-доо урьж ярилцлаа.
-Төрж өссөн нутаг усаа санагалзан яриагаа эхлэх үү, хоёулаа?
-Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул. Ажил амьдралын гараагаа ч нутгаасаа эхэлсэн. Одоо ч нутагтаа л аж төрж байна даа. Аав, ээжээс долуулаа. Санжмятав гэж айлын хоёр дахь хүү. Бага нас хөдөөний хөрслөг бор жаалуудын адил л өнгөрсөн. Онцгойрч омтгойрох зүйл байхгүй ээ. Ер нь хүний цаашдын амьдралын зам мөр эцэг, эх нарийндаа бол гэр бүлийн хүмүүжлээс шууд шалтгаалдаг юм шиг санагддаг. Мэдээж, эзэмшсэн боловсрол, цэцэрлэг, сургууль чухал ч суурь нь эцэг, эхийн заавар зөвлөгөө, хандлага, арга барилтай холбоотой байж, хүний амьдралын цаашдын гол зан чанарыг тодорхойлдог юм байна гэж боддог ш дээ.
-Суурь хүмүүжил гэснээс та чинь Монгол Улсын анхны эрэгтэй цэцэрлэгийн багш байх аа?
-Тийм ээ, би Монгол Улсын цэцэрлэгийн анхны эрэгтэй багш. 1988 онд Монголын сурган хүмүүжүүлэх дунд сургууль буюу цэцэрлэгийн техникум анхны эрэгтэй элсэлтээ авахад элссэн. Анги маань анх13 хөвгүүнтэй байсан ч хоёр нь л төгссөний нэг нь би. Би мэргэжлээрээ бахархдаг. Цэцэрлэгийн багш чинь бурхадтай ажилладаг юм шүү дээ. Уг нь Өмнөговиос зургуулаа урлагийн чиглэлээр суралцахаар шалгалтанд орохоор ирсэн ч одоо энэ хошин урлагийн Хүрлээ бид хоёр үлдээд сүүлдээ би хасагдаад манай хүн Багшийн сургуулийн кино драммын ангид орсон юм. Тэгээд л би цэцэрлэгийн багшийн техникумыг сонгосон доо.
-Содон сонголт байж, таны мэргэжлийн сонголт. Тэгээд мэргэжлээрээ хэр удаан ажиллав даа?
-Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сүүлийн долоон жил, өмнө нь цэцэрлэгийн эрхлэгчээр жил гаруй ажилласан гэхээр нийтдээ есөн жил ажилласан юм байна. Хожим Монгол Улсын эдийн засгийн их сургууль, Удирдлагын академийг төгссөн. Сонирхол гэвэл дуу хөгжим. Эргээд харахаар, соёл урлаг, боловсролын салбарт, дунд нь амьдралын шаардлагаар уул уурхайн салбарт зургаан жил ажилласныг эс тооцвол 30 дахь жилдээ ажиллаж байна. Анх цэцэрлэгийн багш эрэгтэй гэхээр хүмүүс их гайхаж байсан. Хааяа нэг яаман дээр ажил хөөцөлдөөд ирэхээр амархан ч бүтнэ. Цэцэрлэгийн багш эрэгтэй байдаггүйболоод ч тэр үү, их сонин… Тиймдээ ч эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж, галбын говийнхоо ирээдүй болсон нялх балчир үрс, хүүхэд багачуудынхаа төлөө сэтгэл гаргаж, зүтгэж ажилласан. Өнгөрсөн хугацаанд сум, аймгийнхаа үе үеийн удирдлага, найз нөхөд, хамт олонтой хамтран хийж хэрэгжүүлсэн ажил, санаж сэдсэн бүхий л зүйл маань хүүхэд залууст хандсан байдаг юм. Манай Ханбогд сум түүхэндээ ганцхан цэцэрлэгтэй байсан. 1964 онд байгуулагдсан, хоёрхон бүлэгтэй цэцэрлэг маань 50 хүүхэд, 7-8 ажилтантай л байлаа. Гэтэл сүүлийн үед уул уурхайтай холбоотойгоор шилжилт хөдөлгөөн, хүмүүсийн нягтаршил ихсэж, тэр хэрээр нийгмийн асуудлууд тулгарч байна. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл урлагийн хүрэлцээ муудсан. Тиймээс би сургуулийн өмнөх боловсролын асуудлаар аймаг, орон нутгийн удирдлагуудтай ярилцаад орон нутгийн цэвэр хөрөнгө оруулалтаар хэрэгцээ шаардлагатай цэцэрлэгийг шинээр байгуулах, хуучнаа өргөтөх ажилд ханцуй шамлан орсон. Ямартай ч хуучин хоёр бүлэгтэй байсан цэцэрлэгээ өргөтгөж таван бүлэгтэй болгосноор 125 хүүхэд хамрагдаж байна. Шинээр 170 хүүхдийн цэцэрлэгийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар бариулж, ашиглалтанд өглөө. Анх сургуулиа төгсөж ирээд 21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. Цэцэрлэгээ өргөтгөж, 22 гэж тусад нь салгасан. Өдгөө 180 хүүхдийн даацтай ч 250 хүүхэд явж байна. 21 дүгээр цэцэрлэг 120 хүүхдийн даацтай ч 170-180 орчим хүүхэд хүмүүжиж байна.
-Ингэхэд суманд цэцэрлэгийн насны хэдэн хүүхэд байдаг юм бэ?
-Хамран сургах хүүхэд 750 орчим байдаг. Одоо удахгүй шинээр 200 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орно. 100 хувь биш ч хоёр гурван жилдээ болчихно л гэж харж байгаа. Бас удахгүй 640 хүүхдийн сургууль нээлтээ хийх гэж байгаа. Өнөөдрийн байдлаар хуучин сургуульдаа өргөтгөл хийгээд 400 хүүхдийн сургуульд 650 орчим хүүхэд суралцаж байна. Шинэ сургууль ашиглалтанд орчихоор болоод л явчихна. Ачаалал хэвийн болно гэж харж байгаа.
-Танай гэр бүлийн хүн бас цэцэрлэгийн багш гэж дуулсан. Гэр бүлээ танилцуулаач?
-Миний хань Дорноговь аймгийн Алтанбулаг сумын хүн. Хамтдаа цэцэрлэгийн багшаар суралцаж төгссөн. Би чинь нутагтаа нэг цэцэрлэгийн багш авчирч, соёлын үрийг тариулсан хүн ш дээ… /Инээв./Амьдрал сайхаан. Би чинь дөрвөн хүүтэй. Гурван бэр,дөрвөн ачтай “архаг” өвөө… Том хүү маань МУИС-ийг Төрийн захиргаа удирдлагын мэргэжлээр төгссөн. Дунд хүү ШУТИС-д сурч байгаад одоогоор жилийн чөлөө аваад ажил хийж байна. Дараагийнх нь Улаанбаатар их сургуулийн комьпютер графикийн ангийг дүүргэсэн. Харин бага маань КУДС-д кино урлагийн ангид суралцдаг. Ер нь бол хүн өөрөө хөгжлийн гол капитал. Би сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн. Тэр утгаараа Монголын боловсролын хөгжил хөтөлбөрт өөрчлөлт хийгээд явж байгаа ч чамлалтай санагддагыг нуухгүй. Сургуулийн өмнөх нас гэдэг дадал хэвшлийн үе. Шуудхан хэлчихэд, бид зөв монгол хүнийг бий болгох ёстой. Дэлхийн улс орны иргэдэд тухайн улсын иргэнээрээ бахархдаг байдал тод анзаарагддаг. Үндэсний өв соёл уламжлалаа авч үлдэх нь зөв гэдгийг дэлхийн хөгжлийн түүхээс ч харж болно. Том мэргэжил, шинжлэх ухааныг сурдаг судалдаг. Харин бид хүүхдэд монгол хүн гэх сэтгэхүйг суулгаж өгөх ёстой юм шүү дээ. Бид дэлхийн олон юмны анхдагч нь монголчууд гэж хөөрдөг. Гэтэл өнөөдөр эх хэлээ мэдэхгүй харийн хэлээр шулганадаг хүүхэдтэй УИХ-ын гишүүн байна. Хүүхдийн буруу биш л дээ. Гэхдээ л хэл, соёлоо ч мэдэхгүй байна гэдэг “гамшиг” шүү.
-Сургуулийн өмнөх насны боловсролоос гадна дуу, хөгжимд дуртай гэсэн. Бие даасан тоглолт ч хийж байсан гэл үү?
-Багын урлагт дуртай хүүхэд байсан. Цэцэрлэгийн техникумд хүмүүжүүлэгч багшаар суралцаж байхдаа ч дуу хөгжмөө орхиогүй. Хүмүүс намайг мэргэжлийн дуучин эсвэл хөгжимчин гэж ойлгоод байх шиг байдаг. Үнэндээ би чинь хүсэл сонирхлоо л хөгжүүлсэн хүн. 2011 онд 80 гаруй дуутай анхны бие даасан цомгоо гаргаж байлаа. Өдгөө хоёр цомог гаргахад бэлэн болчихсон байж байна. “Засаг ноёны саарал” дууныхаа үг, аяыг өөрөө зохиож дуулсан байсан. Одоо ард түмэндээ морины хэмээн хүндлэгддэг дуучин Батбаяр, дуучин Төрмандах хоёр дуулж байна. Би чинь 2011 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, 2012 онд Ё. Отгонбаяр Боловсролын сайд байхад Боловсролын тэргүүний ажилтан болсон. Товчхондоо, боловсрол соёлын салбарт зүтгэсэн хөдөлмөрийг маань төр үнэлсэн гэх гээд байна л даа. /инээв/
-Уул уурхайтай, уул уурхайн тээвэрлэлтийн боомттой гээд Ханбогд сум онцлог, давуу тал ихтэй бүс нутаг. Тэгээд ч зам дагаж хөгжил гэдэг үг бий байх аа?
-Ханбогд сум онцлог ихтэй нь үнэн. Тэр ч утгаараа Ханбогд сум ирээдүйд Ханбогд хот болох ёстой. Болгох учиртай юм байгаа юм. Өнөөдрийн Монгол Улсын нутаг дэвсгэрийн харьяаллаар Ханбогд сумын нутаг дэвсгэр дээр ямар ямар том стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, аж ахуй үйлдвэр байна вэ гээд аваад үзвэл олон боломж бий. Мэдээж өөрийн чинь хэлсэнчлэн дэлхийн хэмжээнд яригддаг Оюутолгойн орд байна. Нефтийн уурхай байна. Газарзүйн байршлаар нь авч үзвэл Ханбогд сум Өмнөговь бүс нутгийн томоохон стратегийн ач холбогдол бүхий хөгжлийг тодорхойлох сум яах аргагүй мөн. Манай сум урд талаараа Хятад улстай хил залгаа. Ханбогд сум өөрөө Гашуун сухайт гээд хилийн боомттой. Баруун талаараа Баян-Овоо сумтай хил залгаа. Сумынхаа газар дээр Оюутолгойн орптой. Зүүн талаараа Дорноговийн Хатанбулаг, Мандах сумтай, зүүн хойд талаараа Манлай сумтай хил залгаа. Түүнчлэн зүүн хойд талдаа Цагаан суваргын алт, зэсний орд, жаахан зүүн тийшээгээ Хармагтайн орд, хойд талдаа Цогт-Цэцийн Тавантолгойн уурхай гээд Монгол орны томоохон хөрөнгө оруулагч, төсөв санхүү бүрдүүлэгч том уул уурхайнуудын яг гол, төв хэсэгт нь байрладаг. Стратегийн хувьд хөгжих бүрэн боломжтой. Үүнээс үүдээд Ханбогд сумын хүн амын төвлөрлийг бий болгох, хүнийхээ хүчээр хөгжих, уул уурхайгаа түшиглэх бололцоотой. Гэхдээ уул уурхай гэж хэлтийхгүй хөгжих бодлоготой байх ёстой.
-Тэр ч тийм шүү. Уул уурхай бол нөхөн сэргээгдэхгүй баялаг. Орд газрын нөөц баялаг дуусаад л уул уурхайн үйл ажиллагаа зогсоно гэдгийг монголчууд нэг л сайн тооцоолохгүй байх шиг. Харин та өөр ямар өнцөг боломжийг онцолж байна вэ. Мэдээж гарц гаргалгаа үргэлж байдаг. Гэхдээ хилийн бүс нутгийн удирдлагаар ажиллаж байгаа хүний хувьд Ханбогдын ирээдүйг хэрхэн төсөөлж, төлөвлөж буй чинь сонин байна л даа?
-Ханбогд сум Монгол Улсад төдийгүй дэлхийд хоёр бөхтэй тэмээгээрээ тэргүүлдэг.Тэр утгаараа ирээдүйд брэнд болох, хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжих боломжоо буюу мал аж ахуйгаа орхиж огт болохгүй. Уул уурхай бол шавхагддаг нөөц. Газрын баялаг дуусахад Ханбогд юуг түшиглэсэн хот болохоо нарийн сайн тооцоолох ёстой нь үнэн. Уул уурхайтай холбоотой үйлдвэржилтийн бүтээн байгуулалтаа дагаад хөнгөн үйлдвэрээ хөгжүүлэхээс гадна тэмээгээ мартаж болохгүй. Бас манай сум гавилууд овгийн илүү нугаламт хоньтой. Энэ хоёр дээрээ тулгуурлаад мал аж ахуйгаа уул уурхайтай зэрэгцүүлээд хөгжүүлэх ёстой юм. Дэлхий, Монгол Улсын хэмжээнд, Монгол төр, Монгол Улсын эдийн засгийн гол салбарын нэг уул уурхайг хөгжүүлж ажиллана гэсэн бодлого явж байгаа учраас уул уурхайгаа түшиглээд уламжлалт мал аж ахуйгаа аваад явах учиртай юм л даа.Бид, хоёр бөхт тэмээгээ үүлдэр болгоод батлуулчихсан. Одоо гавилууд омгийн хонио сайжруулах судалгааны арга зүйгээ батлуулчихаад байж байна. Мэдээж газар тариаланг орхиж болохгүй. Манай сумын иргэд ногоогоо тарьдаг, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг. Тойрсон энэ олон уул уурхайнуудад тарьсан хүнсний ногоогоо нийлүүлдэг.Орон нутгийнхаа малчид, хөдөлмөрчид, бизнес эрхлэгчдийг аль болох өөрсдөө хангалттай орлого олох бизнес эрхлэх боломжоор хангах тал дээр анхаарч ажиладаг.
-Хүлэмжийн аж ахуй эрхэлдэг гэлээ. Нарийн ногоо тарьж байна уу?
-Хэтийн зорилгоо бодолцвол Ханбогд суманд шинэ сортын брэнд бүтээгдэхүүнийг бий болгох ёстой. Өөрөөр хэлбэл, гадаад дотоодын олон хөрөнгө оруулагч буюу бизнес эрхлэгчид, үндэсний хэмжээний том компаниудын сонирхол Ханбогд суман дээр байгаа учраас эд нартайгаа уялдуулаад орон нутагт хамтын ажиллагаагаа сайжруулж, эд нарынхаа оролцоотойгоор хөгжинө үү гэхээс биш, сум ганцаараа дангаараа зүтгээд амжилтанд хүрэхэд бэрх. Өнөөдрийн байдлаар Ханбогд суманд бүртгэлтэй 7500 хүн байна. Ирж очдог хөдөлгөөнтэйгөө нийлээд 10 гаруй мянга… Оюутолгой төсөл дээр 10 гаруй мянган хүн ажиллаж байна. Цагаан хадан дээр хил боомт, нүүрс баяжмалын тээвэрлэлттэй холбоотойгоор 20 гаруй мянган хүн ам байна. Ингээд бодохоор Ханбогд сумын нутаг дэвсгэр дээр байнгын бараг аймгаас илүү хүн амын хөдөлгөөн бий болчихож. Хамгийн багадаа л 40 гаруй мянган хүн амын хөдөлгөөн байна.Энэ их хүн урсгалыг зөв ашиглах юм бол Ханбогд суман дээр бүтээн байгуулалт хийж, хөгжих боломж хангалттай бий. Бид хөгжинөө л гэж байгаа юм чинь хүмүүсээ зөв зүйтэй байршуулах, хүнээ олон болгох бодлогыг бариад төвлөрөлт менежмэнтээ зөв хийчихвэл боломж хангалттай байна. Товчхондоо Ханбогд бол донор сум…
-Донор гэдгээ тодруулбал?
-Ойлгомжтой шүү дээ. Хүнээр бол, цусаа хүнд өгчихөөд цусаа сэлбэхийн тулд чанарлаг хүнс амин дэм хэрэглэх ёстой биз. Тэрэн шиг л… Ханбогд сум аймгийн төсөвт бодит хувь нэмэр оруулдаг цөөн сумын нэг. Жилээр нь авч үзвэл аймгийн төсвийн 39 хувь, татварын 55 хувийг Ханбогд сум дангаараа бүрдүүлдэг. Ний нуугүй хэлэхэд харамсалтай юм ч бас байдаг л юм.
-Тухайлбал, юунд харамсаад байна вэ?
-Хэдийгээр аймагт төдий хэмжээний төсөв бүрдүүлдэг ч улсын төсөв батлагдах үед манай суманд бусдын жишгээр тэрбум гаруйхан төгрөг л төсөвлөгддөг. Гэхдээ сүүлийн үед УИХ-ын гишүүд, татварын орлогын зохих хувийг тухайн орон нутагт үлдээх тухай асуудлыг хөндөж байгаа дуулдсан. Маш зөв бодлого болно шүү, энэ. Хэрэвзээ батлагдаадахвал Монгол Улсын захдуу байгаа орлогогүй, ашигггүй сумдад өөрөө өөрийгөө хөгжүүлэх боломж бий болно. УИХ дээр бодлого нь зангидагдаад хууль эрхзүйн орчин нь баталгаажиж, тухайн орон нутаг олсон орлогынхоо зохих хувийг зарцуулах эрхтэй болчихвол Ханбогд сум маань Монгол Улсынхаа томоохон жишиг хот болох ирээдүй тийм ч хол биш… Жишиг хот болохын төлөө ажиллана. Дээр би Ханбогд бол донор сум гэж хэлсэн. Гэвч өнөөдөр донор сум маань ямархуу хөгжилтэй байна вэ, үнэхээр өөрийнхөө хөрөнгөөр дотоод асуудлаа шийдэж чадаж байна уу гэвэл үнэндээ үгүй. Улсаас төсөвлөсөн жаахан хөрөнгөөр, жаахан л юм хийнэ. Хэдийгээр тооцоо данс харахад Ханбогд том орлого олж, арвин татвар авдаг том сум мэт харагддаг ч улсын журам хуулийн дагуу л ажилладаг. Хийх, бүтээх юм их ч санаан зоргоор болохгүй байна. Их хөгжилд хүрч, том хот болохын тулд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулж бүтээн байгуулалт хийх ёстой. Тэр хэрээр хөдлөх хамрах хүрээ маань тэлнэ. Цаашлаад улсынхаа жишиг хот болох зам нээгдэнэ. Тэгж чадахгүй байгаа нь үнэндээ эмгэнэл юм шүү. Хэрвээ Ханбогд сум жилд 10-20 тэрбум төгрөг зарцуулах эрхтэй болчихвол өөрсдөө замаа тавьж, дэд бүтцээ байгуулж, сургууль цэцэрлэгээ барина. Энэ их чухал. Ний нуугүй хэлэхэд би, уул уурхайн сайн юмыг сайн, саар юмыг саар л гэж хэлдэг. Угтаа Оюутолгой компани Ханбогд сумын томоохон бүтээн байгуулалтыг бүгдийг хийж өгч байна. Нууж хаах юм байхгүй. Өнөөдөр Ханбогд сум төсвөө тэлж байж маргааш хот болно. Төсвөө тэлчихвэл Оюутолгойг харалгүй асуудлаа шийдчихнэ. Шударга байх хэрэгтэй л дээ. Өнөөдөр манай суманд сургууль, цэцэрлэгийн цогцолбор, зам, дэд бүтэц, бохир, дулааны шугам, усны үйлдвэр, соёлын төв, малын төв лабортори, хүн эмнэлэг гээд бүх том бүтээн байгуулалт Оюутолгойн хөрөнгө оруулалт буюу Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр хийгдээд явж байна. Тэр утгаараа бид Оюутолгойд талархдаг. Хвь хүний зүгээс Оюутолгой монголчуудыг сургаж, нэр төртэй дэлхийн том технологийг ашиглаж, ажиллуулж байгаа нь Монголын ард түмэн, аав, ээжийн охидыг дэлхийн хаана ч очсон гологдохгүй ажиллах мэргэжилтэн болгож байна л гэж хардаг.
-Тэгвэл төсөв тэлэх боломжуудаасаа сонирхуулаач?
-Олон боломж бий. Зөвхөн усан дээр яръя л аа. Ханбогд сумын нутаг дэвсгэрийн газрын гүнээс Оюутолгой ус ашиглаж байгаа. Энэ усны төлбөрөөс Ханбогд сумын төсөвт нэг ч мөнгөний орлого ордоггүй. Уг нь хуулийн дагуу ус ашигласны төлбөр гэж Оюутолгой Өмнөговь аймагт жил болгон 12-20 тэрбум төгрөг төлдөг. Угтаа Монгол Улсын хуулинд зааснаар тус төлбөрийн 35-аас илүүгүй хувийг тухайн нутаг дэвсгэр дээр бэлчээр усжуулагч, шинэ худаг гаргах ч юм уухөдөө аж ахуй болон усных нь чиглэлээр зарцуулах заалт бий. Тиймдээ ч бид хуулийн энэ заалтыг хэрэгжүүлээч гэсэн хүсэлтээ аймгийн ИТХ-д өргөн барих гэж байна. Оюутолгойгоос аймагт төвлөрүүлж буй ус ашиглалтын төлбөрөөс 35 хувь ньбайг гэхэд 10-15 хувийг аваад үлдэхэд Ханбогдын төсөв тэр хэрээр томорно. Малчдынхаа хэрэгцээ шаардлагатай худаг ус засах, шинээр худаг гаргах гэхчлэн бусад бүтээн байгуулалтанд зарцуулах хөрөнгийг ус ашиглалтын төлбөрөөрөө хангах боломж байгаа биз. Ус бол зөвхөн нэг жишээ шүү. Цаашилбал бусад жижиг сажиг орлогууд нэмэгдээд жилд 10-15 тэрбум төгрөгийн төсөв төвлөрүүлэх боломжтой гэж харж байгаа. Тооцоо судалгааг нь ч хийчихсэн.
-Улсын хэмжээнд 362 гаруй сум байдаг ч Ханбогд шиг төсөвт тодорхой хувьтөвлөрүүлдэг нь харьцангуй цөөхөн. Товчхондоо төрийн бодлого л дутаад байна. Донор сумаа ашигласан шигээ сэргээх бодлого орхигдоод байна гэх гээд байна, мөн үү?
-Мөн. Мэдээж бид бүгд л Монгол Улсын иргэн. Чи хотынх, би Ханбогдынх гээд жалга довны юм яриад туйлшраад амиа бодсон жижиг юм яриад байж болохгүй. Аймаг, сум гээд Монгол Улсын засаг захиргааны дагуу хуваагддаг ч нэг цул. Тэр утгаараа Монгол Улсын хууль дүрмийн дагуу ажиллаж, Монголынхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах ёстой. Ханбогд суманд бүтээн байгуулалт хийгээд тэнд нэг сум өөрийнхөө хүчээр нэг том хөгжлийг бий болгож байна гэдэг чинь Монгол Улсын бас нэг хөгжил ололт дэвшил.Өөрийн чинь хэлсэнчлэн бусад сумдтай тэнцвэртэй байх зүйлийг бодлогоор зохицуулалгүй л яахав. Гэхдээ донор сумаа ашиглаж ашиглачихаад сэргээш өгөхгүй байж болохгүй биз дээ. Мэдээж МУ-ын 360 сум бүгд өөрийгөө санхүүжүүлж чадахгүй. Санхүүжүүлэх чадамжтай сум цөөн нь үнэн. Зарим талаар улсын төсөв хуваарилалтанд хэцүү л байдаг байх. Гэхдээ л Эрдэнэт, Оюутолгой гэхчлэн томоохон, стратегийн ач холбогдол бүхий, улсын төсвөө бүрдүүлдэг орд газар байрладаг бүс нутгаа арай өөрөөр авч үзэх ёстой. Төрийн бодлогоор зохицуулах асуудал л даа. Ингээд ярихаар яалт ч үгүй орон нутаг руу орно. Орон нутаг гэхээр Өмнөговь аймаг руугаа орно. Өмнөговь аймаг, хилийн боомттой, Тавантолгой, Оюутолгойгоо түшиглээд хөгжиж байна. Тэр дундаа Ханбогд, Цогт-Цэций, Гурван тэс гээд уул уурхайтай сумд уул уурхайгаа түшиглээд бололцооныл явж байна. Тэгвэл бусад сумдаа яах юм бэ гэх асуудал үүснээ дээ. Оюутолгойн удирдлага, хэлтсийн менежерүүд санал тавьснаар 2015 оноос “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” гэж байгуулсан. Энэ сангаасаа Өмнөговь аймгийн хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийх таван сая ам.долларын санхүүжилтийг шийдсэн, жил болгон… Энэ ажил Өмнөговийн гол нүүр царай болж байна. Аймгийн сургууль, цэцэрлэг, нийгэм соёлын байгууллагууд, хөдөө аж ахуй гэхчлэн бүх чиглэлд энэ хөрөнгө зарцуулагдаж байна. Таван сая долларыг Өмнөговь аймаг бүх сумдадаа бололцооны хуваарилалт хийгээд жигд хүргэж байгаа. Мөн нөлөөллийн сумдад хөрөнгө оруулалт хийгээд эхэлчихсэн.
-Нөлөөллийн сумдад хэдэн сум багтав?
-Манлай, Баян-Овоо, Ханбогд, Даланзадгад… Бусад сумдад орон нутгийг дэмжих зорилгоор буцалтгүй хөрөнгө оруултын сан, квот бий болгосон.
-Тухайлбал Ханбогдод хэдийг хуваарилав?
-Ханбогд 70 мянга, Манлай, Баян овоо сум 50 мянган ам.доллар, бусад сумд 30 мянган ам.долларын санхүүжилт авч эхэлсэн. Энэ бол бас л сайн мэдээ, таатай боломж. Орон нутгийн жижиг дунд бизнесийг дэмжих,боловсрол соёл гэхчлэн нийгэм рүү чиглэсэн ашгийн бус төсөл хөтөлбөрүүдийг дэмжээд явж байгаа нь надад таалагдаж байгаа.
-Ингэхэд танай сумаас яг хэдэн хүн Оюутолгойд ажиллаж байна вэ?
-Өмнөговиос 2500 гаруй хүн ажиллаж байгаагийн 1569 хүн нь Ханбогдынх. Ер нь бол Оюутолгойд ажиллагсдын 20 гаруй хувь нь Өмнөговийн иргэд.
-Оюу толгойн дэлгүүрт дандаа л экспортын бараа бүтээгдэхүүн зарагддаг юм байна лээ. Уг сумандаа хөнгөн хүнсний үйлдвэрлэл эрхлээд борлуулдаг бол бас л боломж?
-Боломж бий. Оюутолгой дээр ажиллаж байгаа дэлгүүрийн хувьд боломжоороо л орон нутгийн иргэдийн бизнесийг дэмжиж байгаа хэлбэр. Цаашдаа Ханбогд сум брэнд бүтээгдэхүүнтэй болно. Саяхан манай суманд Монголд байхгүй Малын эрүүл мэндийн лабортори байгуулагдлаа. Зөвхөн сум гэлтгүй өмнөд бүс нутаг, цаашлаад улсад хэрэгтэй ажил.Оюутолгой, хил боомт тойрсон уул уурхайн ордуудаа түшиглэн, чанар стандарт хангасан хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой. Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гол эх суурь бол энэ лабортори. Бид нар малчдаа орлоготой болгохын тулд Оюутолгойд мах, айраг сүү нийлүүлмээр байна. Малын гаралтай цагаан идээ нийлүүлэх бололцоо байна уу гэж та асуулаа. Тиймээ байгаа. Ажил эхлээд явж байна. Аймаг, Оюутолгойд 14 ажил дээр хамтрах санал тавьсны дотор энэ асуудал ч багтсан. Өдгөө мах, сүү нийлүүлэх тендер зарлагдаад явж байна. Оюутолгой энэ ажлыг дэмжиж өөрөө хөрөнгөө гаргаад махны чиглэлийн ангос үүлдрийн үхэр үржүүлэх ажил эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, Малын эрүүл мэндийн лаборториа ашиглаад тойргийн сумд, Оюутолгой руу шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, цаашлаад хилийн боомтоор мах гаргах бололцоотой болсон гэсэн үг. Одоо ингэний сүүний бяслаг, эсвэл ингэний айрагны үйлдвэр байгуулахад болохгүй гэх юмгүй. Дашрамд сонирхуулахад, өнөөдрийн байдлаар Ханбогд суманд ингэний айрагны жижиг үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.Одоогоор иргэддээ хүргэж байгаа ч Оюутолгой руу нийлүүлэх нь цаг хугацааны л асуудал. Бас Оюутолгой гурван талт зөвлөлөөрөө дамжуулаад мал нядалгааны зам байгуулахаар ТЭЗҮ-ээ хийж байна. Энгийнээр тайлбарлавал өмнөд бүс нутагт томоохон хэмжээний махны үйлдвэр байгуулагдах ажлын эхлэл гэж ойлгож болно. Мөн Оюутолгойгоор дамжуулаад Австралийн Элчин сайдын яамтай хөдөө аж ахуйн чиглэлээр хоёр зүйл дээр хамтарч ажиллахаар болж байна. Маргааш Оюутолгойн удирдлагуудтай хамт Австралийн Элчин сайдтай уулзахаар товлосон. /2018 оны 8 сарын 29/
-Яг ямар чиглэлээр хамтрах санал тавьсан юм бэ?
-Дэлхийд нэртэй ингэний сүүний бяслагийг бий болгоё. Энэ бол Ханбогдын брэнд болно.
-Ханбогд төдийгүй Монгол Улсын брэнд болнодоо?
-Тэгнэ. Ингэний сүүний бяслагны үйлдвэр байгуулах саналыг маань дэмжсэн. Өмнөх уулзалтуудаар үйлдвэр байгуулахаар санал нэгдсэн. Одоогийн уулзалтаар үйлдвэрийн зураг төслөө хийх шат руугаа орох байх гэсэн хүлээлттэй байна. Угаасаа Ханбогд сум, улсын хэмжээнд 95 жилийн турш хамгийн олон тэмээтэйгээрээ тэргүүлдэг. Тэмээ маань гурван түм гарчихсан явж байна. Нөгөөдөх нь гүзээлзгэнэ… Гүзээлзгэний хамгийн супер сорт нь голланд сорт байдаг юм байна. Тэр голланд сортоор Монголд буюу манай говьд гүзээлзгэнэ тариад голланд сортоосоо илүү амт чанар сайтай байна гэдгийг голландын судлаачид тодорхойлчихсон. Дэлхийн шилдэг брэндийн амт илүү сайн байгаа нь Монголын хөрс, нартай холбоотой гэж үзсэн юм билээ. Өмнөговь, Ханбогд суманд нар байна, хөрс байна. Дэлхийг шагшируулсан амтлаг гүзээлгэнэ гарах магадлал байгаа учраас энэ ажлыг эхлүүлэх гэж байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйтай болохоор төсөл бичиж, орон нутгаас газар талбайг нь шийдэж, Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуйн яамнаас төсөл хэрэгжүүлэх төсвийг нь шийдчихсэн.Дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхэлнэ гэдэг давуу тал болох нь гарцаагүй. Мэдээж тэнд зөвхөн гүзээлзгэнэ тарихгүй. Бүх төрлийн хүнсний нарийн ногоо тарина. Ийм байдлаар бизнес эрхлэгч томоохон компаниудаа дэмжээд говь нутагт, уул уурхайгаа дагуулаад хүнс хөдөө аж ахуйг хөгжүүлэхээр ажиллаж байна даа, бид.
-Нүүрсний тээвэрлэлтэй холбоотойгоор холбогдох албадад албан бичиг хүргүүлсэн байсан. Хариу нь ирсэн үү?
-Асуудал ид яригдаж байна. Ханбогд сум Гашуун сухайт боомттой. Боомтоорнүүрснээс гадна Оюутолгойн зэс баяжмалын тээвэр голчлон явагддаг. Томоохон импортын үйл ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгож болно. Тодруулбал, Цагаан хад гэдэг газар бол Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байршдаг. Энэ багийн нутаг дэвсгэр дээр хилийн боомт нээгдэж, нүүрсний ажил эхэлснээс хойш гаалийн хяналтын талбай ихээр байгуулагдсан. Гэвч дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ ханш буурсантай холбоотойгоор тээврийн горимд өөрчлөлт гарсан. Өөрөөр хэлбэл, богинын тээвэр байхгүй болж зөвхөн уртын тээвэр явдаг болсноор Хайрхан багийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явагдаж байгаа нүүрсний бизнес эрхлэгчдийн ашиг орлого багасч, томоохон хэмжээний гаалийн талбайн бүтээн байгуулалт хийсэн компаниуд зарлагаа нөхөж чадахгүйд хүрсэн нь нууц биш. Гэхдээ сүүлийн жилүүдэд нүүрсний үнэ өсч, улс орны эдийн засаг наашлах төлөвтэй болж, нүүрс тээвэрлэлт ихсээд ирэнгүүт өнөө уртын урт гэдэг тээврээсээ шалтгаалаад оочер ихэссэн. Өвөл, зуны цагт багадаа л 160-170 км-ын урт оочертой байдаг болсон. Тэнд монголчууд, монгол жолооч нар л ажилладаг. Тэд энэ урт дарааллаас болж ядарч зүдэрч, аваар осолд орох гэхчлэн эрсдэл үүссэн. Ийм байдлыг бид Засгийн газар, УИХ гэхчлэн холбогдох байгууллага, тойргийнхоо гишүүдэд танилцуулж хүсэлтээ уламжилсны дагуу Засгийн газар уртын урт гэх тээврийг зогсоож, урт богино рейсээр тээвэрлэж эхэлсэн. Энэ шийдвэр их зөв шийдвэр байсан. Гацаанд орсон хөрөнгө эргэлтэнд орж, ашиг орлогогүй болчихсон гаалийн хяналтын талбайнууд ажилтай болсон. Нэг үе эзгүйрэх дөхсөн Цагаан хаданд ажлын байр бий болж, бизнес эрхлэгчдийн бизнес нь өндийж эхэлсэн. Нэмүү өртөг шингэсэн олон зүйл бий болсон. Шатахуун түгээх станцууд ажилтай болсон… Бүгд Монголдоо үлдэж буй мөнгөний эргэлт шүү дээ. Хамгийн гол нь өнөө дараалал байхгүй болсон. Хятад, Монголын тал, бусад тээврийн компаниуд, гаалийн хяналтын талбайн бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа яг сайхан жигдэрч байтал өнгөрсөн зургаан сард уртын урт тээврээр явах тогтоол гаргасан. Засгийн газрын 185 дугаар тогтоол… Ахиад л өнөө урт дараалал.. Дагаад бөөн асуудал. Хамгийн ноцтой нь дарааллаас болж, Ханбогд сумын нутаг дэвсгэр рүү зориулалтын бус замаар цөмөрч орж, Оюутолгойн засмал руу орж ирэх болсон. Сүүлээ Оюутолгойн засмал руугаа ч оролгүй нутгийн гүн рүү орж, малын бэлчээрийг сүйтгэж, жинхэнэ утгаараа хөрсийг ньэргүүлж байна. Нутгийн малчид, ард иргэд ч гэлтгүй харсан монгол хүн бүхний гол харламаар… Байдал үнэхээр хүнд байна, 185 дугаар тогтоолоо гаргаснаас хойш… Тийм ч учраас бид энэ асуудлыг таслан зогсоож, гаргасан шийдвэрээ цуцлахыг хүссэн хүсэлтээ хүргүүлсэн. Миний хувьд өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, нутгийнхаа хоёр гишүүн, Авто тээврийн үндэсний төвд асуудлаа тавсьан. Өнөөдрийн байдлаар хариу өгөөгүй л байна.
-Хэд хоногийн өмнө гэсэн үг вэ?
-Бараг сар гаруйн хугацаа өнгөрлөө. Хариу ирээгүй л байна. Нутгийн хоёр гишүүн маань, Засгийн газрын хуралдаанаар орноо л гэсэн. Орж шийдэгдсэн юм одоогоор алга. Ямартай ч аймгийн дарга хотод ирж асуудлыг тавьж яваа гэх мэдээллийг сая утсаар сонслоо. Үнэхээр энэ асуудлыг зөв шийдэж, гаргасан шийдвэрээ цуцлахгүй бол нэгд хүн ам, хоёрт, байгаль орчин, малын бэлчээр сүйдэх нь… Гадны ганц нэг компани, ганц нэг хүний амбиц эрх ашгийн нөлөөнд автаж Монголын говийн газар нутгийг сүйтгэх, монголчуудынхаа өдрийн хоолыг булаах, Монголдоо үлдэх нэмүү өртөг шингэсэн түр хугацааны ч гэсэн ажлын байрыг бид дэмжих ёстой болохоос дээрэлхэж устгаж болохгүй биз дээ..
-Урт богинын тээврийн ачааллыг Цагаан хад хангалттай дийлж байсан уу?
-Тэгэлгүй яахав. Хангалттай. Хятадын талын Баяннуур аймгийн удирдлагуудтай уулзахад тэд ч урт богинын тээврийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн Монгол талын гарцыг нэмэгдүүлэхийн тулд богинын тээвэрлэлтэнд оролцох хүсэлтэйгээ илэрхийлсэн. Тиймээс бид нэгэнт санал нэгдсэн ажил, шийдвэрээ улам баталгаажуулаад явах юм бол Монголын эдийн засагт нөлөөлөх нүүрсний орц гарц нэмэгдэнэ. Өнөөдөр өдөрт 1000 машин гарч байгаа бол цаашдаа уртын урт тээвэрлэлтийг зогсоосноор өдөртөө 1500 цаашлаад 2000 машин гарах бололцоотой. Эцэст нь хэлэхэд, миний хийж байгаа ажил бүх хүмүүст 100 хувь таалагдана гэж байхгүй. Тэр чинээнд хүртэл тултал нь хийж чаддаг хүн ч гэж үгүй. Тиймээс орон нутгийнхаа нийгмийн хэрэгцээнд нийцсэн, олонхийн эрх ашигт таарах ажил л хийхийг зорьж хийж явна даа, би…
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Ирээдүйд Ханбогд хотод уулзахын ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
Сэтгүүлч З.Урансүх
Open Door сонин 2018 №34 (212)
Leave a Reply
You must be logged in to post a comment.