Сурагчид галын хор ашиглаж сурлаа

Аравдугаар сарын 31-ний өдөр Оюу толгойн Хангамжийн хэлтсээс нийслэлийн 39, 50, 57 дугаар сургуулиуд дээр галын аюулгүй байдлын сургалт зохион байгууллаа. Сургалтад дээрх гурван сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид хамрагдаж, гал гарах эх үүсвэр, эрсдэлийн шалтгаан, гал түймрийн ангилал, хэрхэн унтраах зэргийг мэдэж авсан юм.
ТОШШ буюу тат, онил, шах, шүрш гэхийн учир холбогдлыг сурагчид сайн сурчээ. Нийт сурагчдаас хамгийн идэвхтэй оролцсон 24 хүүхдэд галын хор мөн галын хөнжил өгсөн байна. “Оюу толгой” компани мөн дээрх сургуулиудад галын хор, хөнжил тус бүр хоёрыг бэлэглэжээ.

ТОШШ буюу тат, онил, шах, шүрш гэхийн учир холбогдлыг сурагчид сайн сурчээ.

Сургуулийн захирал, ажилтнууд сургалт маш үр дүнтэй болсныг онцлоод, хүүхдүүдийн төлөө хийж буй зүйлд нь талархлаа илэрхийлсэн байна. “Оюу толгой” компанийн Хангамжийн хэлтсийн санаачилгаар 2014 онд аюулгүй ажиллагааны сэдэвт хэд хэдэн ажил, арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Эдгээрийн нэг нь дунд сургуулийн хүүхдүүдэд ийнхүү галын аюулаас хэрхэн хамгаалахыг заах байлаа.

ОБЕГ-аас мэдээлж буйгаар “Монголд өдөрт 8-18 удаа гал түймэр гардаг. Долоо хоног тутамд нэг хүн гал түймэрт өртөж, амь насаа алддаг. Гал түймрийн уршгаар хоногт дунджаар 45 сая төгрөгийн хохирол учирдаг” гэсэн баримт байдаг. Тиймээс гал түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд түүнийг нэн даруй унтраах аргад суралцах нь нэн чухал юм.

Оюу толгойн хамт олондоо аюулгүй ажиллагааны энэ сургалтад суухаас гадна гэртээ галын хор болон гал унтраах зориулалтын бүтээлэгтэй эсэхээ шалгахыг уриалж байна.