Рио Тинто Компани Оюу Толгойн бүтээн байгуулалт замын дундаа орсоныг тэмдэглэлээ

Рио Тинто компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Ян дү Плесси өнөөдөр Монгол улс дахь зэс-алтны уурхай болох Оюу Толгойн бүтээн байгуулалт ид дундаа орсон тэмдэглэлт явдлыг тохиолдуулан Оюу Толгой төслийн талбарт хүрэлцэн ирж хүндэтгэлийн ёслолд оролцлоо.

Энэхүү ёслолд түүнчлэн Монгол Улсын Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, аймаг, орон нутгийн удирдлагууд, төр нийгмийн зүтгэлтнүүд, болон Рио Тинто Группын Зэсийн бүлгийн Ерөнхий захирал Эндрью Хардинг, Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей нар оролцлоо.

Ян дү Плесси хүндэтгэлийн ёслолд зориулан хэлсэн үгэндээ “Оюу Толгой нь Рио Тинтогийн хамгийн өндөр өсөлттэй төсөл юм. Монгол Улсын Засгийн газар болон түүний хөгжлийн түншүүд болох Рио Тинто, Айвенхоу Майнз компаниудын алсын хараа, хүсэл зоригоор Хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулагдан батлагдсан юм. Энэхүү суурь баримт бичиг нь бидэнд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулж,энэхүү аварга төслийг хэрэгжүүлэх итгэлийг өгсөн. Хөрөнгө оруулалтын гэрээний үр шимээр бид өнөөгийн өндөрлөгт хүрч бүтээн байгуулалтынхаа тал хувийг гүйцэтгэснээ өнөөдөр бахархан тэмдэглэж байна” хэмээн цохон тэмдэглэлээ.

Камерон МакРэй “Монгол улсад дэлхийн хэмжээний хамгийн том зэс-алтны уурхайг бүтээн байгуулахад ядрахыг умартан ажилласан 14 000 хүн нэг бүрийн цуцалтгүй хөдөлмөрийг илтгэн харуулах чухал цаг мөч болж байна. Энэ мөчөөс эхлэн бид энэ оны эцэс гэхэд бүтээн байгуулалтын 75%-ийг дуусгах дараагийн зорилтоо хэрэгжүүлж эхлэх бөгөөд 2013 онд гэхэд анхны үйлдвэрлэлийг эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээн ёслолд оролцогчдод хандан хэлсэн байна.

Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ын дарга Г.Батсүх өөрийн хэлсэн үгэндээ “Оюу Толгой нь Монголын ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт бөгөөд Монголчуудыг ажлын байраар ханган, улс орны ирээдүйг бүтээж буй агуу бүтээн байгуулалт юм. Өнөөдөр ч гэсэн Оюу Толгой Монголчуудын, тэр дундаа Өмнийн говийн иргэдийн амьдралд олон сайхан өөрчлөлтийг авч ирж байна. Энэ бүс нутаг нь бидний хувьд онцгой чухалд тооцогдох бөгөөд бидний хэрэгжүүлж буй олон арван төслүүдийн дотор бүс нутгийн соёлын өвийг хамгаалах арга хэмжээнүүд багтаж байгаа” хэмээн цохон тэмдэглэлээ.

Рио Тинто, Айвенхоу Майнз болон Монгол улсын Засгийн газрын түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй Оюу Толгойн уурхай нь жилд дунджаар 450 000 тонн зэс, 330 000 унц алт үйлдвэрлэх хүчин чадал бүхий хамгийн том, өндөр зэрэглэлийн зэс, алтны уурхай болох юм. Монгол улсад хэрэгжиж буй хамгийн том уул уурхайн төсөл болохын хувьд тус уурхай нь Монгол улсад урт хугацааны ихээхэн үр шимийг өгөх ба 2020 он гэхэд Монгол улсын эдийн засгийг 35%-иар нэмэгдүүлж, ДНБ-ний гуравны нэг орчим хувийг бүрдүүлэх юм.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн