Рио Тинто компанийн хэвлэлийн мэдэгдэл

Рио Тинто, Айвенхоу Майнз болон Монголын Засгийн Газрын хооронд яриа хэлэлцээ хийсний үр дүнд, Рио Тинто компани 2010 оны 12-р сараас эхлэн Оюу Толгой төслийг удирдан ажиллахаар боллоо. Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл энэхүү шийдвэрийг хэлэлцэн баталгажуулах юм. Мөн Рио Тинто компани Айвенхоу Майнз компанийн 49 хүртэлх хувийг эзэмших боломжтой болж байна.

Монголын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувийн санхүүжилтийг Рио Тинто болон Айвенхоу Майнз компаниуд хариуцах бөгөөд хүүгийн хэмжээг LIBOR (Лондонгийн Банк Хоорондын зээлийн хүү) + 6.5 хувь байхаар зарчмын хувьд тохирч, ойрын үед холбогдох гэрээ байгуулахаар боллоо. Хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээний дагуу Монголын талын эзэмшлийн 34 хувь буурахгүй. Давуу эрхийн хувьцаа нэмж гаргахгүй бөгөөд Монгол Улсын Засгийн Газар санхүүжилтийг бие даан босгох эрхийг хадгална.

Рио Тинто компани Оюу Толгой ХХК-д санхүүжилтийн багц, үүний дотор 1.8 тэрбүм долларын дунд хугацааны зээлийн эрхийг олгохын зэрэгцээ Айвенхоу Майнзтай хамтран шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэхээр ажиллах юм. Ингэснээр төслийн хэрэгжилт, бүтээн байгуулалтын явц хурдасч, анхлан төлөвлөж байсан хугацаанаас 6 сарын өмнө буюу 2012 оны эцсээр анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж гаргах юм.

Рио Тинто компанийн Зэсийн бүлгийн Гүйцэтгэх захирал Эндрю Хардинг: “Өнөөдөр байгуулсан энэ гэрээ Оюу Толгойг дэлхийн тэргүүлэх уурхай болгох Рио Тинтогийн чин эрмэлзлийг бататгалаа. Бид энэ төсөлд өөрсдийн үйл ажиллагааны өндөр стандарт болон технологийн арвин туршлага нэмэрлэхэд бэлэн байна. Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу Майнзтай хамтран Оюу Толгойг тогтвортой, манай хувьцаа эзэмшигчид болон Монголын ард түмэнд харилцан ашигтай байдлаар хөгжүүлэх болно” гэж мэдэгдэв

Нэмэлт мэдээллийг www.riotinto.com/media болон http://www.ot.mn/content/423.shtml вебсатйн хаягаар орж үзнэ үү?


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн