Рио Тинто Айвенхоу Майнз компанитай шинээр гэрээ байгуулснаар дэлхийд томоохонд тооцогдох Оюу Толгойн зэс-алтны төслийг шууд удирдан ажиллаж, Айвенхоу Майнзад багц санхүүжилтийн арга хэрэгслээр дамжуулан Оюу Толгойн олборлолт, үйлдвэрлэлийг төлөвлөсөн хугацаанаас зургаан сарын өмнө буюу 2012 оны сүүлч гэхэд эхлүүлэх нөхцлийг хангахаар тохиролцлоо.
Айвенхоу Майнзтай байгуулсан энэхүү шинэ гэрээний дагуу Рио Тинто нь:
- Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн зөвшөөрөлтэйгээр Оюу Толгой төслийн менежментийг хариуцах
-
Оюу Толгой төсөлд багц санхүүгийн хэрэгслээр хөрөнгө оруулалт хийнэ. Үүнд:
- 1.8 тэрбум ам.долларын дунд хугацааны зээлийн санхүүжилт хийхийн зэрэгцээ Айвенхоу Майнзтай хамтран нэмэлт санхүүжилтийг бүрдүүлэх
- Айвенхоу дахь зээлийг энгийн хувьцаанд хөрвүүлэх
- Айвенхоугийн санал болгосон 1.2 тэрбум ам.долларын нэмэлт хувьцааны арилжаанд бүрэн оролцох
-
Айвенхоу Майнз дахь өөрийн хувь эзэмшлийг 49 хувьд хүргэж нэмэгдүүлэх ба үүнд:
- Ситибанк болон Айвенхоу Майнзын Гүйцэтгэх тэргүүн бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Роберт Фрийдланд нараас 20 сая ширхэг хувьцааг өнөөгийн зах зээлийн үнээр худалдаж авах
- Айвенхоу дахь зээлийг энгийн хувьцаанд хөрвүүлэх
- Айвенхоугийн хувьцааг зах зээл дээрээс худалдаж авах
- 2012 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд нөөцийн сангаас Айвенхоугийн энгийн хувьцааг худалдаж авах эрхийг хүртэх
- Түүнчлэн Айвенхоу Майнзын Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах төлөвлөгөөтэй холбогдуулан эхлүүлээд байсан Арбитрын ажиллагааг 2011 оны 6 сар хүртэл зургаан сарын хугацаатай түтгэлзүүлэх, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Хамтран ажиллах гэрээний хугацааг 2012 оны 1 дүгээр сар хүртэл гурван сарын хугацаагаар сунгахаар тус тус тохиролцсон байна.
Шинээр байгуулсан гэрээтэй холбогдуулан Рио Тинтогийн Зэсийн бүлгийн Гүйцэтгэх захирал Эндрью Хардинг “Өнөөдөр байгуулсан энэ гэрээ Оюу Толгойг дэлхийн тэргүүлэх уурхай болгох Рио Тинтогийн чин эрмэлзлийг бататгалаа. Бид энэ төсөлд өөрсдийн үйл ажиллагааны өндөр стандарт болон технологийн арвин туршлага оруулахад бэлэн байна. Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу Майнзтай хамтран Оюу Толгойг тогтвортой, манай хувьцаа эзэмшигчид болон Монголын ард түмэнд харилцан ашигтай байдлаар хөгжүүлэх болно.” хэмээн мэдэгдлээ.
Монгол Улс дахь Оюу Толгой (Айвенхоу Майнз 66%, Монгол Улсын Засгийн Газар 34% тус тус эзэмшиж буй)-н зэс-алтны уурхайн барилгын ажил бүрэн хэмжээгээр явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 2012 оны сүүлч гэхэд үйлдвэрлэлийг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Зэс баяжуулах үйлдвэр нь эхний ээлжинд өдөрт 100.000 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай байх ба дагалдах дэд бүтцийн байгууламжуудыг барьж байна. 2017 гэхэд Хюго Дамметийн далд уурхайг ашиглаж эхлэхтэй холбогдуулан баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж төслийн үргэлжлэх хугацаанд өдөрт 160.000 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай байхаар тооцоолж байна.
Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр Оюу Толгой нь 37 сая тонн зэс, 1300 тонн алтны тогтоогдсон нөөцтэй бөгөөд 60 жил ашиглах бололцоотой юм. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 5500 хүн ажиллаж байгаагийн зэрэгцээ төслийн үргэлжлэх хугацаанд олон мянган Монголчуудыг сургаж, дадлагажуулан ажлын байраар хангах юм.
Ноён Фрийдланд болон Ситибанкнаас 20 сая ширхэг хувьцааг худалдан авч, В ангиллын хувьцааны эрхийн дагуу 300 сая ам.долларыг 33.783.784 ширхэг хувьцаанд шилжүүлснээр Рио Тинтогийн Айвенхоу Майнзад эзэмших хувь 7.4%-иар нэмэгдэн 42.3% буюу нийт 239.251.843 ширхэг хувьцаа эзэмших юм. Нийт хөрвөгч өрийг хувьцаанд шилжүүлсний дараагаар Рио Тинто Айвенхоугийн 287.214.784 ширхэг хувьцааг эзэмшиж энэ нь Айвенхоугийн гаргасан болон гүйлгээнд байгаа хувьцааны 46.8% болно. Үүний зэрэгцээ Рио Тинто Хувьцаа захиалах эрхээ бүрэн эдэлсэн тохиолдолд Айвенхоугийн 306.828.533 ширхэг хувьцааг эзэмшиж энэ нь нийт хувьцааны 48.4% болох юм.
Рио Тинто болон Айвенхоугийн байгуулсан гэрээний дагуу Рио Тинто одоогийн хөрвөгч өрийн багцаа 2012 оны 1 дүгээр сарын 18-ны дотор Айвенхоугийн энгийн хувьцаанд хөрвүүлэх үүрэг хүлээж байна. Рио Тинто нь Хувьцаа захиалах эрхийн хүрээнд нэмж энгийн хувьцаа худалдан авах эрхтэй бөгөөд Айвенхоу дахь үндсэн эрхийн харьцаагаа хадгалж үлдэх, нэмэлт хувьцааг худалдан авах эрхтэй болно.
Айвенхоугийн бизнес, хэтийн төлөв, санхүүгийн байдал, зах зээл, эдийн засаг, татварын ерөнхий нөхцөл болон бусад хүчин зүйлийг тооцсоны үндсэн дээр Рио Тинто Айвенхоугийн нэмэлт үнэт цаасыг авах эрхээ хэрэгжүүлэх эсэхээ шийдвэрлэнэ.
Хариулт үлдээнэ үү