Оюу Толгой ХХК 1,2 тэрбум ам.долларын өртөгтэй баяжуулах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүллээ

Өдөрт зэс-алт бүхий 100,000 тонн хүдэр боловсруулна

Монгол Улс, Өмнөговь аймаг – Оюу Толгой ХХК өнөөдөр 1,2 тэрбум ам.долларын өртөг бүхий зэс-алтны баяжуулах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлж буйгаа зарлалаа. Баяжуулах үйлдвэр нь Оюу Толгойн уурхайн хамгийн чухал шат дамжлагын нэг байх ба олборлосон хүдрийг баяжуулан дараагийн шатанд боловсруулах болон хайлуулах зорилгоор хэрэглэгчдэд нийлүүлэх юм.

Газрын гүнээс олборлож буй нэг тонн хүдрээс 18 кг орчим зэс метал гаргаж авдаг байна. Харин хүдрийг баяжуулсны үр дүнд нэг тонн хүдрээс 350 кг орчим зэс метал гаргаж авах боломжтой болдог.

Баяжуулах үйлдвэрийн барилгын ажлыг 2013 он буюу Оюу Толгойд олборлот хийж эхлэх үетэй зэрэгцэн дуусгахаар төлөвлөж байна. Уг үйлдвэр нь өдөрт 100,000 тонн хүдэр, жилд 450,000 тонн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Барилгын ажилд нийт 3,000 хүн ажиллана.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал ноён Кийт Маршалл “Баяжуулах үйлдвэрийн суурь цутгалт, барилгын материалын татан авалт, дэд бүтцийг хөгжүүлэх ажлууд нь бидний 2010 онд хийхээр төлөвлөсөн гол ажлууд юм. Ашиглалтанд орсны дараа Баяжуулах үйлдвэр нь дэлхий дээр ижил төстэй үйлдвэрүүд дотроо шилдгүүдийн нэг болох болно. Бид Монгол Улс, Оюу Толгой төсөлд зөвхөн дэлхийн тэргүүлэх техник технологийг ашиглаж ажиллах болно.” гэж онцлон тэмдэглэсэн байна.

 


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн