ӨМНӨГОВЬ, ДАЛАНЗАДГАД – Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Кийт Маршалл тус компаниас хэрэгжүүлдэг Өмнийн говийн бүсийн алслагдсан сумдын эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих зорилготой Эмчийн орон сууц, Эмчийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг 2011 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдлээ.
Оюу Толгойн зүгээс эмчийн тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд зориулж нэмэлт 16,1 сая төгрөгийн санхүүжилт хийхээр болсон бөгөөд Оюу Толгой ХХК 2005 оноос хойш нийтдээ 1,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутгийн эрүүл мэндийн салбарт хийгээд байна.
“Найдвартай, хүрэлцээтэй эрүүл мэндийн үйлчилгээ нь орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах нэг чухал хэсэг юм” гэж ноён Кийт Маршалл хэлсэн байна.
“Мэргэжлийн эмч, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ иргэдэд ойр байж хурдан шуурхай үйлчилж байхын ач холбогдлыг бид өөрсдийн ажилтан ажиллагсад, орон нутгийн иргэд, засаг захиргаагаар дамжуулан сайтар ойлгосон. Энэ нь гэр бүл, хувь хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулж нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг.”
Тэрбээр цааш нь нэмж хэлэхдээ Оюу Толгой ХХК-ийн дэмжлэг нь Өмнөговь аймгийн сумдад ажиллаж буй эмч нарыг алс хязгаар бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхэд нь тус болох зорилготой гэдгийг тэмдэглэлээ.
2005 онд анх эхэлсэн Эмчийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн 13 суманд эмчийн орон сууц, үзлэгийн байрыг барьж ашиглалтанд оруулсны зэрэгцээ Улаанбаатар хот, бусад газраас 20 эмчид санхүүгийн дэмжлэг үзүүлэн Говь нутгийн иргэдэд эмнэлгийн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх боломжийг олгосон байна.
Оюу Толгой ХХК нь өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарыг дэмжих чиглэлээр олон арван төсөл хөтөлбөрийг санаачлан санхүүжүүлж ирсэн. Үүнд: түргэн тусламжийн машин, шүдний эмчийн кабинет, нарийн мэргэжлийн оношилгооны аппарат, эрүүл мэндийн багаж хэрэгсэл зэргийг орон нутгийн эмнэлгүүдэд хандивласан байна.
Хариулт үлдээнэ үү