Оюу Толгой ХХК шинэ ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал томиллоо

Монгол улсад зэс алтны томоохон төслийг эзэмшигч бөгөөд хэрэгжүүлэгч Оюу Толгой ХХК-иас Камерон МакРэйг компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирлаар томилж байгааг өнөөдөр мэдэгдлээ. Камерон МакРэй Оюу Толгой төслийг гурван жил удирдсан Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Кийт Маршаллын оронд 2010 оны 12-р сарын 1-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллана.

Камерон МакРэй Рио Тинто компанийн салбар болох Өмнөд Африк дахь Ричардс Бей Минералсын гүйцэтгэх захирал, гүйцэтгэх ерөнхий захирлаар ажиллаж байгаад Оюу Толгой төсөлд томилогдож байгаа болно. Тэрээр 1986 оноос хойш Рио Тинтогийн ган, зэс, нүүрс, алмааз болон үйлдвэрлэлийн эрдсийн салбаруудад ажиллаж байсан туршлагатай бөгөөд компанийн гүйцэтгэх албан тушаалуудыг хашиж байсан болно. Сүүлийн 5 жил Африк тивд ажилласан.

Рио Тинтогийн Зэсийн группын гүйцэтгэх захирал болон Оюу Толгой компанийн Техникийн зөвлөлийн дарга Эндрю Хардинг “Камерон уул уурхайн хамтарсан компаниудыг удирдах, Засгийн газар болон ард иргэдтэй харилцаа холбоо тогтоон хамтран ажиллах арвин туршлагатай. Оюу Толгойн хөгжлийн дараагийн чухал шатыг авч явах өндөр ур чадвартай ажилтан” гэсэн байна.

“Оюу Толгой төслийн эрчимтэй хөгжлийг эхлүүлэхэд Кийт Маршалл онцгой үүрэг гүйцэтгэсэн. Кийт Маршалл Монгол улсын Засгийн газартай байгуулсан Оюу Толгойн хөрөнгө оруулалтын түүхэн гэрээг хэлэлцэн батлахад оролцож, төслийг барилгын шатанд амжилттай оруулсан билээ. Монгол улсад гурван жил амжилттай ажилласан Кийт болон түүний гэргий Мойра нарт гүн талархлаа илэрхийлж байна” гэж Эндрю Хардинг хэлжээ.

Ноён Маршалл Их Британи рүү шилжиж Лондон дахь Рио Тинтод удирдах албан тушаалыг хаших юм.

Камерон МакРэй: “Оюу Толгой төслийг удирдан ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Энэ төсөл бол Монгол улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой. Миний бие Монгол улсын Засгийн газар болон бусад оролцогч талууд, төслийн баг болон Оюу Толгойн ирээдүйн уурхай, дагалдах дэд бүтцийг барьж байгуулж буй гэрээт компаниудтай хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.” гээд “Нэг жилийн өмнө байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудыг хангах, энэхүү аварга, цогц төслийг аюул осолгүйгээр хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно. Монгол улсын томоохон бүтээн байгуулалт болох Оюу Толгойг хамтдаа хөгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна” гэжээ.

“Өнөөдрийг хүртэл энэ төсөл дээр амжилттай ажилласан Кийт Маршаллд талархаж байгаагаа илэрхийлмээр байна” гэж Камерон МакРэй хэлжээ.

Холбоо барих
Б.Одгэрэл 976-99092816, и-мейл: odgerelb@ot.mn


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн