Өмнөговь аймаг, Ханбогд – Оюу Толгой ХХК-ийн Хүний нөөц, сургалт хариуцсан Дэд Ерөнхийлөгч Майкел Бек болон Ханбогд сумын ЗДТГ-ын дарга П.Өнөрбат нар өнөөдөр Ханбогд сумын иргэдэд зориулсан “Хөдөлмөр эрхлэлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн талаар мэдээллээ.
Тус хөтөлбөр нь өөрсдийн ажил хөдөлмөр эрхлэх боломжоо нэмэгдүүлэх зорилго бүхий Ханбогд сумын ажилгүй, ажил идэвхтэй хайж буй иргэд болон Англи хэлний мэдлэгээ сайжруулах эрмэлзлэл бүхий их дээд сургууль төгсөгчид, сумын ард иргэдэд зориулагдсан билээ. Тус хөтөлбөр нь 2011 оны 8 дугаар сараас 2012 оны 1 дүгээр сарын хүртэл 6 сарын хугацаанд үргэлжлэх юм.
Хөтөлбөрийн нээлтийн ажиллагаан дээр Ханбогд сумын ЗДТГ-ын дарга П.Өнөрбат “Манай нутгийн иргэдэд зориулан тусгайлан боловсруулсан энэхүү хөтөлбөрийг эхлүүлэх цаг мөчийн гэрч болсондоо тун таатай байна. Тус хөтөлбөр нь сумын иргэдэд илүү сайн ажлын байрны төлөө өрсөлдөх, амьжиргаагаа сайжруулах боломжийг олгох юм. Сургалтанд хамрагдах иргэд хөтөлбөрт тууштай хамрагдаж, хичээнгүйлэн суралцах шаардлагатай бөгөөд цаашдын амжилт гагцхүү та бүхний хичээл зүтгэл, зүтгэл, оролдлогоос л хамаарна хэмээн цохон тэмдэглэж, талуудад амжилт хүслээ.
Майкел Бек “Өөрсдийн хэлний ур чадварыг дээшлүүлэн, илүү сайн, бүтээмж өндөр ажлын байртай болох хүсэл, эрмэлзлэл бүхий олон хүн байгааг харахад тун таатай байна. Эн завшааныг ашиглан Ханбогд сумын Засаг дарга Б.Дэндэвсамба болон сумын удирдлагад Ханбогд сумын иргэдэд дэмжлэг үзүүлэх энэхүү санаачилгыг дэмжсэн явдалд талархалаа илэрхийлэхийг хүсэж байна” хэмээн цохон тэмдэглэлээ.
Тус хөтөлбөр нь:
- Англи хэлний эрчимжүүлсэн сургалт
- Уурхайн ерөнхий мэдлэгийн сургалт
- Ажлын байранд бэлтгэх сургалт
зэрэг сургалтуудыг явуулах юм.
Сургалтын шат бүрийн дараа сургалтад хамрагдагсдад үнэлгээ хийх ба энэхүү үнэлгээний үр дүн, Англи хэний сургалтад гаргасан амжилтаас хамааран дараа дараагийн шатуудад үргэлжлүүлэн сургах юм.
ДайнЕд Интернейшнл (DynEd International) компанийн Монгол дахь салбар ДайнЕд Монгол компани нь Ханбогд сумын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн англи хэлний сургалтыг зохион байгуулахаар сонгогдон, гэрээ байгуулаад байна.
Үйл явдлын фотог энд дарж үзнэ үү.
Хариулт үлдээнэ үү