Оюу Толгой ХХК ослын мөрөөр нарийвчилсан шалгалт эхлүүллээ

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей Өмнөговь аймаг дахь төслийн талбайд хүрэлцэн очиж, Оюу Толгой төслийн ажиллагсадтай биечлэн уулзаж ослын улмаас эрдэнэт хүний амь эрсэдсэнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийллээ.

Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж буй Оюу Толгойн ажлын хэсэгт туслалцаа үзүүлэхээр Рио Тинто, Айвенхоу Майнз болон Флюр компанийн аюулгүй ажиллагааны мэргэжилтнүүдээс бүрдсэн олон улсын баг 5 дугаар сарын 24-ний өдөр төслийн талбайд ирэхээр болоод байна.

Осолд өртсөн Монгол ажилчид нь хоёул цэвэрлэх байгууламжийн угсралт, ашиглалтын ажил гүйцэтгэгч гэрээт компанид ажилладаг байжээ.

Гандантэгчинлэн хийдийн лам нар болон сэтгэл зүйчид төслийн талбайд очиж ажилчидтай уулзан зөвлөгөө өгч, сэтгэл санааны дэмжлэг үзүүллээ.

Камерон МакРей “Оюу Толгой төсөлд ажиллаж буй хүн нэг бүрийн аюулгүй ажиллагаа бидний анхаарлын төвд байдаг. Осолтой холбогдуулан нарийвчилсан шалгалтыг эхлүүлээд байна. Ослын дүгнэлтээс гарах зөвлөмжүүдийг нэн даруй хэрэгжүүлж ажиллах болно” хэмээн тэмдэглэн хэллээ.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн