Оюу Толгой ХХК Монголын хамгийн том мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн цогцолбор барих ажлаа эхэллээ

 

1974 оноос хойш анх удаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн цогцолборыг шинээр барина

Оюу Толгойн Монголын эдийн засагт оруулах урт хугацааны хөрөнгө оруулалтын нэг хэсэг нь сургалтын хөтөлбөр юм

Улаанбаатар хот, Налайх дүүрэг – Өнөөдөр Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд Ё.Отгонбаяр, Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн дарга Г.Батсүх, Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей болон албаны бусад төлөөлөгчид Монгол Улсад хэрэгжиж буй хамгийн том боловсролын хөтөлбөрийн хүрээнд баригдах Налайх дүүргийн Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн цогцолборын шавыг тавилаа. Энэхүү цогцолбор нь сүүлийн 35 жилийн дотор Монгол Улсад баригдаж буй анхны цогцолбор болж байна. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамтай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрт олон мянган залуус хамрагдан суралцаж байна.

Налайхын цогцолбор нь Монгол Улсын хэмжээнд баригдах гурван цогцолборын нэг нь бөгөөд Оюу Толгой ХХК-ийн зүгээс Монголчуудыг сургах, дадлагажуулах, хөгжүүлэх чиглэлээр хүлээсэн үүргээ биелүүлж буйн нэгэн илэрхийлэл болж байна. Оюу Толгойн сургалтын хөтөлбөрт хамрагдсан залуусын төлөөлөл хүрэлцэн ирж шав тавих ёслолд оролцсон нь бас нэгэн тэмдэглэлтэй үйл явдал боллоо. Оюу Толгойн зүгээс нийт 114 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2010-2015 хооронд таван жилийн хугацаанд хийх юм.

Ёслолын үеэр Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей компанийн хэрэгжүүлж буй Мэргэжлийн боловсролын хөтөлбөрийг дүгнэн “Монгол Улсад хэрэгжиж байгаа төслүүдээс хамгийн томд тооцогдох дэлхийн стандартад нийцсэн Мэргэжлийн боловсролын хөтөлбөрийг санхүүжүүлж буй нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Бид энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсад дутагдалтай байгаа мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх ажилд дорвитой хувь нэмэр оруулж чадна хэмээн итгэж байна. Шинээр барих болон өргөтгөн сайжруулах Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв (МСҮТ)-үүд нь олон мянган залууст баталгаатай ажлын байртай болоход нь дэм болно гэж үзэж байна.

“Ойрын гурван жилийн хугацаанд улсын хэмжээнд 5,000 гаруй хүнийг 23 мэргэжлийн чиглэлээр суралцуулахаар төлөвлөөд байна. Үйлдвэрлэлийн үе шатанд Оюу Толгойн нийт ажиллагсдын 90-ээс дээш хувь нь Монголчууд байх зорилтыг хангахад бидний хэрэгжүүлж буй хөтөлбөр хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.

“Монгол Улсыг сайхан ирээдүй хүлээж байна. Тэрхүү гэрэлт ирээдүйн зүг Монгол орныг жолоодон авч явах шинэ үеийг бэлдэхэд хувь нэмрээ оруулж байгаадаа бид туйлын баяртай байна” хэмээн тэмдэглэн хэллээ.

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд Ё.Отгонбаяр хэлсэн үгэндээ “ Өнөөдөр энэхүү шинэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаадаа баяртай байна. Мэргэжлийн боловсрол, сургалтад чадамжид суурилсан тогтолцоог нэвтрүүлэх, ажил олгогчийн эрэлт, шаардлагыг хангахуйц мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлыг чанарын шинэ түвшинд гаргах таатай боломжийг бүрдүүлж байна.

“Өнөөдөр суурийг нь тавьж байгаа энэхүү жишиг сургууль маань бүтээн байгуулалтын хувьд ч, сургалтын үйл ажиллагаагаараа ч үлгэр жишээ болж, өндөр чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг нэгэн оюуны өргөө болно гэдэгт гүнээ итгэж байна” гээд төслийн үйл ажиллагаанд амжилт хүсэн ерөөлөө.

Оюу Толгой ХХК нь шинээр МСҮТөвүүдийг барьж байгуулахын зэрэгцээ Эрдэнэт, Дархан, Улаанбаатар, Чойр хотын МСҮТөвүүдийг шинэчлэн засварлах, тоног төхөөрөмж, сургалтын хөтөлбөрийг шинэчлэхээр ажиллаж байна. Мөн 200 оюутныг дотоодын, 30 оюутныг гадаадын их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулах юм.

Мэргэжлийн боловсролын хөтөлбөр нь 2010 оны 7 дугаар сард Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамтай байгуулсан гэрээний хүрээнд хэрэгжиж буй билээ.

Үйл явдлын фотог энд дарж үзнэ үү.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн