Оюу Толгой ХХК-ийн зүгээс Монголын Засгийн газарт төлөх 100 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан хугацаанаас өмнө буюу 2011 оны 6 дугаар сарын 7-ны өдөр шилжүүллээ.
2009 оны аравдугаар сард Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто болон Айвенхоу Майнз компанийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу татварын орлогын урьдчилгаа төлбөр болох 250 сая ам.долларын гуравдахь удаагийн шилжүүлэг буюу сүүлчийн төлбөрийг ийнхүү хийлээ.
Эхний төлбөр болох 100 сая ам.долларыг Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсны дараа буюу 2009 оны аравдугаар сард Монголын талд шилжүүлсэн бөгөөд дараачийн 50 сая ам.долларыг Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсон 2010 оны дөрөвдүгээр сард шилжүүлээд байсан юм.
Ирээдүйд Оюу Толгой ХХК-ийн төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон татвараас дээрх урьдчилгаа төлбөрийг суутгах бөгөөд гэрээний дагуу сүүлчийн хоёр шилжүүлэг буюу 150 сая ам.долларын урьдчилгаа төлбөрт жилийн 1,59 хувийн хүү тооцох юм.
Оюу Толгой нь хамгийн чанартай алт, зэсийн олборлолт, үйлдвэрлэл явуулдаг дэлхийд тэргүүлэх том уул уурхайн нэг болох бөгөөд барилга угсралтын үйл ажиллагаандаа 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж байгаа билээ. Монголын Засгийн газар нь Оюу Толгой төслийн нийт хувьцааны 34 хувийг эзэмшиж байгаагаас гадна ашгийн хувь, төрөл бүрийн татварууд болон нөөц ашигласны төлбөрийг мөн хүртэх юм.
Одоогийн байдлаар Рио Тинто болон Айвенхоу Майнз компани нь төслийн бараа материал, үйл ажиллагаандаа өдөр тутам дунджаар 7 сая ам.долларыг зарцуулж байгаагаас дийлэнхийг нь Монголд явуулж байгаа үйл ажиллагаа эзэлж байна. 2000-2010 оны хооронд Оюу Толгой ХХК нийтдээ 83 сая ам.долларын татвар, хураамжийг Монгол Засгийн газарт төлөөд байна.
Оюу Толгой нь дэлхийн жишигт нийцэх өндөр зэрэглэлийн уул уурхай болж хөгжих бөгөөд компанийн зүгээс ажилчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангах, байгаль орчны шилдэг туршлагыг нэвтрүүлэх, нутгийн иргэдийн ирээдүйд хувь нэмэр оруулах мөн Монголын нийт ард түмний болон төслийн хувь нийлүүлэгчдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулахад тэргүүн зэргийн ач холбогдол өгч байна.
Үйл явдлын фотог энд дарж үзнэ үү.
Хариулт үлдээнэ үү