Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл ээлжит хурлаа хийв

 

Өмнөговь аймаг, Ханбогд сум –Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) болон түүний хороод нь ээлжит хуралдаанаа 2011 оны 6 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюу Толгой төслийн талбайд хийсэн тухай тус Компанийн олон нийтийн мэдээлэл, харилцааны хэлтсээс өнөөдөр мэдэгдлээ.

ТУЗ нь энэ удаагийн хурлаараа Оюу Толгой төслийн хэрэгжилтийн эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг авч хэлэлцсэний дотор геологи хайгуул, ил болон гүнийн уурхайн барилгын ажил, түүний олборлолт, үйлдвэрлэл эхлүүлэхтэй холбогдсон бэлтгэл ажлын явц, цаашдын төлөв зэрэг асуудлуудад онцгойлон анхаарчээ. Мөн уурхайн дэд бүтэцтэй холбогдох бүтээн байгуулалтын ажлын явц, нэн ялангуяа усны шугам хоолой, зам, эрчим хүчний хангамжийн асуудлыг чухалчлан хэлэлцэж, холбогдох шийдвэр, зөвлөмжийг гаргажээ. Түүнчлэн Ханбогдод сум руу татах цахилгаан дамжуулах шугам, тэндэхийн ундны цэвэр усны хайгуулын ажил, тэнд барих, өргөтгөх сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилга байгууламжуудын төсөв, төлөвлөлттэй холбогдох асуудалд анхаарлаа хандуулжээ.

Улаанбаатар, Даланзадгад, Ханбогдод шинээр барих, Эрдэнэт, Улаанбаатар, Дархан, Чойр хотуудад өргөтгөх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн барилга, тоног төхөөрөмжийн хангамжтай холбогдох ажлын явцтай танилцсан байна.

Эдгээрээс гадна Хөрөнгө Оруулалтын Гэрээний хэрэгжилт, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, төслийн санхүүжилтийн явц, төлөвийг авч хэлэлцсэн байна.
ТУЗ нь сүүлийн үед Оюу Толгой төслийн талбай дээр гарсан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалтай холбогдох зарим асуудалд онцгой анхаарал хандуулж тус компанийн захиргаа, гүйцэтгэх удирдлагад тодорхой чиглэл, үүрэг даалгавар өгсөн байна.

Мөн Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр шинээр томилогдсон Рио Тинтогийн Зэсийн бүлгийн Ерөнхий менежер Питер Николс, Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей нарыг баталсан байна. Эдгээр эрхмүүд нь ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Питер Мередит, Билл Уэлд нарын оронд томилогдон ажиллахаар болж буй ажээ.

Өдөрт 100,000 тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэр, ашиглалтын зориулалттай 2 дугаар босоо ам, дулааны станц, анхдагч бутлуур, хүдэр зөөвөрлөх туузан дамжуулга, цахилгаан дамжуулах шугам зэрэг уурхайн болон дэд бүтцийн барилга, бүтээн байгуулалтын явц байдалтай ТУЗ-ийн гишүүд тусгайлан танилцжээ.

Эдүгээ Оюу Толгой төслийн барилга, бүтээн байгуулалтын нийт ажлын гүйцэтгэл 23 хувь, түүний баяжуулах үйлдвэрийн барилгын ажлын гүйцэтгэл 32 хувьтай байгаа нь уг уурхайн эхний ээлжийн ашиглалтын олборлолт, үйлдвэрлэлийг Хөрөнгө оруулалтын гэрээгээр тохирсон хугацаанаасаа өмнө эхлүүлэх боломжийг бүрдүүлж байгааг ТУЗ-ын хурлаар сайшаасан байна.

Үйл явдлын фотог энд дарж үзнэ үү.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн