Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРэйн хэвлэлийн мэдэгдэл

Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийн, түүний дотор бэлэн мөнгөний урсгалын 50-иас илүү хувийг хүртэнэ

Улаанбаатар, Монгол улс (ot.mn) – Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар төслийн үргэлжлэх бүхий л хугацааны үр ашгийн 50-иас илүү хувийг хүртэх ба талууд хүлээсэн үүргээ биелүүлж буйг нотоллоо.

Тэрбээр зөвхөн 2011 онд л гэхэд Засгийн газар 300 сая гаруй ам.долларыг татварын хэлбэрээр авах ба 2012 оны сүүлийн хагаст анхны хүдэр олборлолт эхлэх хүртэл уг төсөл нь нийт 700 сая ам.долларыг татварын орлого, урьдчилан төлөх татвар хэлбэрээр Засгийн газарт төлнө гэдгийг тэмдэглэсэн байна.

"2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсанаас хойш Монгол улсын Засгийн газар болон Оюу Толгойн хөрөнгө оруулагч нарын зүгээс уул уурхайн энэхүү томоохон төсөл нь Монгол улсын бүх иргэдэд үр ашигтай байхыг баталгаажуулах үүднээс хамтран ажиллаж ирлээ. Энэ хүрээнд талууд Монгол Улсын бүх хууль, дүрэм журмыг даган мөрдөж байгаа болно," гэж Камерон МакРэй хэлэв.

УИХ-ын 57 дугаар тогтоол нь Монгол Улсын Ерөнхий сайдад тодорхой нөхцлүүдийг хангаснаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон юм. Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ болон Засгийн газрын үйл ажиллагаа нь эдгээр нөхцлүүдийг бүрэн хангасан гэж үзэж байна.

"Энэхүү гэрээний хүрээнд Засгийн газар болон Оюу Толгойн хөрөнгө оруулагч нар нь тодорхой үүрэг хүлээсэн. Талууд Монголын бүх иргэдэд үр шимээ хүртээх энэхүү түншлэлийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж байгаа. Гэрээний хэрэгжилт болон Засгийн газрын үйл ажиллагаа нь УИХ-ын 57 дугаар тогтоолын шаардлагыг бүрэн хангаж байгаа болно" гэж тэрээр нэмж хэллээ.

Тус гэрээ нь Засгийн газарт олон арван жилийн турш татвар, рояльти, ноогдол ашиг хэлбэрээр орлого оруулах боломжийг олгож байгаа. Үйл ажиллагааныхаа эхний жилүүдэд л гэхэд Оюу Толгойн уурхай нь Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 35 орчим хувиар нэмэгдүүлэх юм.

Гэрээнд гарын үсэг зурсан явдал нь Айвенхоу болон Рио Тинто компаниудад хүлээх эрсдлээ хүлээн зөвшөөрч, эхний шатанд 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг уг төсөлд оруулах итгэлийг өгсөн юм. Компанийн зүгээс хүдэр олборлож, орлого олж эхлээгүй ч гэсэн энэхүү хөрөнгө оруулалтыг хийж буй юм. Монгол улсын Засгийн газар нь өнөөдөр гарч буй зардлыг ямар нэгэн байдлаар хуваалцах шаардлагагүй юм.

Түүнчлэн Хөрөнгө оруулалтын гэрээ нь гадаадын хөрөнгө оруулагч нарын итгэлийг нэмэгдүүлж, ажлын байр, дэд бүтцийн хөгжил, дэвшилтэт технологийн хүрээнд эдийн засгийн ихээхэн ашгийг бий болгон, Монгол улсын иргэдийн ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлж байна.

Засгийн газрын хүлээн авах орлогоос гадна төсөл нь Монгол улсын иргэдэд хэд хэдэн хэлбэрээр үр ашгаа үзүүлнэ. Үүнд:

  • Ажлын байр: Оюу Толгой нь одоо аймаг бүрээс ирсэн 10,000 гаруй иргэдийг ажлын байраар ханган ажиллуулж байна. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын гэрээнд заасанчлан уурхайн үйл ажиллагааны үе шатанд 10 ажилтан бүрийн 9 нь Монголчууд байх юм.
  • Ур чадварын сургалт: Сургалт, боловсролын салбарт 85 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд энэ нь Монгол улсад хэрэгжиж буй хамгийн өргөн цар хүрээ бүхий мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн санхүүжилт юм. Энэ хүрээнд мэргэжлийн сургалтын 3 шинэ төв барьж буйн зэрэгцээ 4 сургалтын төв, коллежийг шинэчлэн өргөтгөж байна.
  • Орон нутгийн эдийн засгийг дэмжих: Монголын бизнес эрхлэгчид ч Хөрөнгө оруулалтын гэрээний үр шимийг хүртэж буй юм. Уг уурхай барьж байгуулах явцад 700 сая орчим ам. долларыг Монголын ханган нийлүүлэгч нарт төлөөд байна. Эдүгээ хэрэгжиж буй том хэмжээний барилгын 5 төслүүдийг Монголын гэрээт компаниуд бүрэн гүйцэтгэж байна.
  • "Оюу Толгой компани болон түүний хувьцаа эзэмшигчид нь гэрээгээр хүлээсэн үүргээ ѐсчлон биелүүлж Засгийн газартай үргэлжлүүлэн нягт хамтарч ажиллах болно. Энэхүү түүхэн төсөл нь цаашид үргэлжилж Монгол улсын эдийн засгийг шинэчлэн өөрчилж Монгол улсын иргэдэд үр ашгаа хүртээх болно" гэж МакРэй тэмдэглэв.

ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк хаяг (http://www.facebook.com/oyutolgoi) Твиттер хаяг (http://twitter.com/OTMongolia)-аар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн