Оюу Толгой ХХК ба БСШУЯ хоорондын харилцан ойлголцын санамж бичиг

Монгол Улс, Улаанбаатар хот – Монголын уул уурхайн салбарт дэлхийн түвшний мэргэжилтнүүдийг бэлтгэх, орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, 2010 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам (БСШУЯ)-д өргөн барьсан Оюу Толгой ХХК-ийн өөрийн боловсон хүчнээ бэлтгэх 5 жилийн стратеги төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэхтэй холбогдуулан БСШУЯ, Оюу Толгой компанийн хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр “Оюу Толгой компаний энэхүү хөрөнгө оруулалт нь Монголын дээд болон мэргэжлийн боловсролын салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болж байна” гэж тэмдэглээд дэлхийн түвшний сургалтын хөтөлбөр, олон улсын шилдэг туршлага, сургалтын стандартыг Монголд нэвтрүүлэхэд хамтран ажиллаж буйд Оюу Толгой компанид талархсанаа илэрхийллээ.

Оюу Толгой ХХК-ны Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Кийт Маршалл “Энэхүү хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь Оюу Толгой ХХК болон БСШУЯамны урт удаан хугацааны хамтын ажиллагааны эхлэл болж байна. Оюу Толгой төслийн хувьд бүх зүйлийг урт удаан хугацаанд харж төлөвлөж ажилладаг. Хөрөнгө оруулалтын гэрээ бүрэн хүчин төгөлдөр болоод зуу гаруй хоног өнгөрч байгаа бол бид Оюу Толгой уурхайг зуу гаруй жил ашиглахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар төслийн талбай дээр 2500 Монгол ажилчид ажиллаж байна. Цаашид энэ тоо улам бүр нэмэгдэнэ. Тэгэхээр бидний сургалтын төлөвлөгөө маань ирээдүйд хийх ажлын төлөвлөгөө болж байна” гэжээ.

Хоёр талын гарын үсэг зурсан санамж бичигт Оюу Толгой ХХК-ий боловсруулсан стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдсон санхүүжилтийн үндсэн хэмжээг тусгасан бөгөөд нийт 58 сая ам.долларыг төсөвлөсөн байна. Үүнд:

  • Оюу Толгой ХХК-ийн боловсон хүчнээ бэлтгэх 5 жилийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 30 сая ам.доллар
  • Өмнөговь аймгийн төв Даланзадгад, Улаанбаатар хотуудад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн загвар төвүүдийг барьж байгуулахад 10 сая ам доллар
  • Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт 10 сая ам доллар (Үүний дотор: Монголын их дээд сургууль, МСҮТ-үүдэд суралцаж буй 200 оюутныг тэтгэлэгт хамруулах, 30 оюутныг гадаадад уул уурхайн чиглэлээр сургах)
  • Эрдэнэт, Улаанбаатар, Дархан, Чойр хотуудын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг шинэчлэхэд 8 сая ам доллар

Үүнээс гадна багш нарын сургалтын дэлхийн стандартын хөтөлбөр, барууны тэргүүлэх сургуулиудын хөтөлбөрийг тус тус нэвтрүүлэх ажил уг төлөвлөгөөнд багтсан байна. Хоёр талын тэнцүү төлөөлөл бүхий 12 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг байгуулж энэхүү стратеги төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавьж ажиллах юм.

Эдгээр нь Оюу Толгой ХХК-ийн боловсон хүчнээ бэлтгэх ажлын нэгэн чухал хэсэг бөгөөд тус компани нь Монгол Улсын Засгийн Газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд заагдсан үүргээ бүрэн биелүүлэхийн тулд чармайн ажиллаж буйн илрэл болж байна.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Холбогдох видеог үзэх бол энд дарна уу.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн