Монгол Улс, Улаанбаатар хот – Оюу Толгой төслийн хэмжээнд Монголын болон гадаадын нийт 4740 иргэн Оюу Толгой ХХК болон түүний гэрээт компаниудад ажиллаж байна. Эдгээр хүмүүс нь Оюу Толгой төслийн талбай, Улаанбаатар хот, Даланзадгад хотуудад байрлах компанийн төв болон салбаруудад хамаарагдаж байна. Үүний дотор 21 улсын иргэдээс бүрдэх гадаад ажилтнуудын тоо 1760 болжээ.
Энэ нь Монгол Улсын Засгийн Газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан 60/40 гэсэн харьцааг хангаж байгаа юм. Одоогоор Монгол болон гадаад ажилчдын харьцаа 62.88% болон 37.12% байна.
Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд:
- Барилгын ажил гүйцэтгэх болон Өргөтгөлийн хугацаанд барилгын ажил гүйцэтгэж байгаа бол ажиллагсдынхаа 60 /жар/-аас доошгүй хувьд Монгол Улсын иргэдийг авч ажиллуулах
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэхэд нийт ажиллагсдын 90 /ер/-ээс доошгүй хувьд нь Монгол Улсын иргэдийг авч ажиллуулах
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 5 /тав/ жилийн дотор инженер-техникийн ажилтны 50 /тавь/-иас багагүй, 10 /арав/ жилийн дотор 70 /дал/-аас багагүй хувь нь Монгол Улсын иргэн байлгах талаар боломжтой бүх арга хэмжээг авнагэж тус тус заасан.
Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ын дарга Г.Батсүх “Бид төслийн талбайд өрнөж буй бүтээн байгуулалт, түүнд оролцож буй Монголчуудаараа бахархаж байна” гэж онцлон тэмдэглэлээ.
Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсноос 90 /ер/ хоногийн дотор Оюу Толгой ХХК өөрийн боловсон хүчнээ бэлтгэх төлөвлөгөөг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яаманд өргөн бариад байна. Уг төлөвлөгөөний дагуу Оюу Толгой ХХК нь:
- 5 жилийн хугацаанд Монголын их дээд сургууль, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвүүдэд суралцаж буй 200 оюутныг тэтгэлэгт хамруулах, 30 оюутныг гадаадад уул уурхайн чиглэлээр сургах
- Багш нарын сургалтын дэлхийн стандартын хөтөлбөр, барууны тэргүүлэх сургуулиудын хөтөлбөрийг тус тус нэвтрүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Оюу Толгой ХХК-ийн Хүний нөөцийн Ерөнхий менежер Жан Данг “Бид Монголчуудыг сургаж дадлагажуулан ажилд авч цаашид өсөж хөгжих болоцоог олгосноор дэлхийн түвшний чадварлаг боловсон хүчнээр уурхайн үйл ажиллагааг явуулахад анхаарч ажиллаж байна” гэж тэмдэглэлээ.
Хариулт үлдээнэ үү