Оюу Толгой төсөл Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаас хойшхи нэг жилийн ажлаа дүгнэлээ

Монгол Улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Г.Батсүх, Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Кийт Маршалл нар Оюу Толгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ батлагдсанаас хойш нэг жил өнгөрч буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Ноён Г.Батсүх “Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл байгуулагдсанаасаа хойш хугацаанд төслийн үйл ажиллагааг цаг хугацаанд нь багтааж гүйцэтгэн, төслийн үр шимийг оролцогч талуудад хүртээж эхлэхэд анхааран ажиллалаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан заалтууд тэр дундаа Оюу Толгой ХХК-ийн хүлээсэн үүргийг биелүүлэхэд онцгойлон анхаарлаа. Бид өөрсдийн амласнаасаа илүү ихийг хийж бүтээлээ.” гэсэн бол Ноён Кийт Маршалл “Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдаж байсан өдөр саяхан мэт санагдаж буй боловч хэдийнэ нэг жил ард хоцорчээ. Бид энэ хугацаанд Оюу Толгойн уурхайн барилгын ажлыг бүрэн хэмжээгээр эхлүүлж, цагтай уралдан уурхайн олборлолтыг 2013 онд эхлүүлэхээр төлөвлөн, бүх хүч нөөц, бололцоог дайчлан ажиллаж байна. Одоогоор Оюу Толгой төсөл өдөрт дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулж байна. Цаашид энэ тоо улам нэмэгдэх болно” гэв.

Оюу Толгой төслийн хүрээнд хийгдэж буй томоохон ажлуудыг дурдвал:

  • Хөрөнгө оруулалтын гэрээ бүрэн хүчин төгөлдөр болох 10 нөхцлийг хугацаанаас нь өмнө хангав.
  • Бүтээн байгуулалт, барилгын ажил бүрэн хэмжээгээр эхэллээ. Үүнд:
  1. 1,2 тэрбум долларын өртөг бүхий өдөрт 100,000 тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэрийн суурийн ажил,
  2. Үйлдвэрлэлийн зориулалттай 2 дугаар босоо амны цамхагийн барилга,
  3. Үйлчилгээний зориулалттай 1 дүгээр босоо амны хөндлөн малталт,
  4. Бетон зуурмагийн үйлдвэр,
  5. 20 мегаваттын дизель цахилгаан станц болон 35 киловольтын дамжуулах сүлжээ,
  6. Орон нутгийн нисэх буудал болон Боинг-737 нисэх онгоц буух хатуу хучилттай замын зурвасын барилгын ажил
  7. Монгол-Хятадын хил хүртэлх 105 км хатуу хучилттай зам зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна
  • Боловсон хүчнээ сургах төлөвлөгөөг Засгийн газарт өргөн барьж төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлж эхэллээ. Үүнд нийтдээ 78 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байна.Энэ хүрээнд:
  1. Оюу Толгой ХХК-ийн боловсон хүчнээ бэлтгэх 5 жилийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 40.5 тэрбум төгрөг
  2. Өмнөговь аймгийн төв Даланзадгад, Улаанбаатар хотуудад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн загвар төвүүдийг барьж байгуулахад 13.5 тэрбум төгрөг
  3. Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт 13.5 тэрбум төгрөг (Үүний дотор: Монголын их дээд сургууль, МСҮТ-үүдэд суралцаж буй 200 оюутныг тэтгэлэгт хамруулах, 30 оюутныг гадаадад уул уурхайн чиглэлээр сургах)
  4. Эрдэнэт, Улаанбаатар, Дархан, Чойр хотуудын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг шинэчлэхэд 10.8 тэрбум төгрөг тус тус зарцуулна
  • Боловсрол Соёл Шинжлэх Ухааны болон Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамдтай хамтран Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх 36 тэрбум төгрөгийн өртөгтэй хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Оюу Толгой ХХК-ийн санхүүжүүлэх уг хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвүүдэд 3300 мэргэжилтэй ажилчин бэлдэнэ. Эдгээр нь Оюу Толгой төслөөс гадна бусад уул уурхай, зам, төмөр зам, барилгын төслүүд дээр ажиллах юм.
  • Өнөөдөр Оюу Толгой төсөлд 5200 гаруй ажилтан ажиллагсад, гэрээт ажилтан ажиллаж байгаагийн 61% буюу 3200 гаруй нь Монголчууд үүний дотор 500 гаруй нь Өмнөговь аймгийн харъяат иргэд байна.
  • Орон нутгийн хөгжлийг дэмжих, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
  • 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2010 оны 8 дугаар сарын 15-ны хооронд Оюу Толгой Барилгын Групп Монголын компаниудтай 280 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 98 ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Түүнчлэн дурдсан хугацаанд Барилгын групп дотоодын компаниудаас 849 удаагийн захиалгаар 67.5 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдаж авсан нь нийт худалдан авалтын 86%-ийг эзэлж байна. Мөн орон нутгийн компаниудыг дэмжих зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Бизнес Хөгжлийн Төвийг 2010 оны 4 дүгээр улиралд багтаан нээн ажиллуулахаар болоод байна.

 

Fatal error: Call to a member function translate() on a non-object in /home/web20mob/public_html/sites/all/modules/views/includes/base.inc on line 157

 

Fatal error: Call to a member function translate() on a non-object in /home/web20mob/public_html/sites/all/modules/views/includes/base.inc on line 157

 

Fatal error: Call to a member function translate() on a non-object in /home/web20mob/public_html/sites/all/modules/views/includes/base.inc on line 157


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн