Монгол Улс, Улаанбаатар хот – Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК-иас дэлхийн хэмжээний зэс алтны томоохон төсөл болох Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтанд хамтран ажиллаж, дэмжиж ирсэн байгууллага, гэрээт компаниуд, хувь хүмүүсийг өргөмжлөх ёслолын ажиллагааг 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хоёр дахь удаагаа зохион байгууллаа.
Оюу Толгой ХХК 2000 оноос хойш хамтран ажилладаг, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авдаг Монголын ханган нийлүүлэгч, гэрээт компаниудын тоог тогтвортой нэмж ирсэн бөгөөд одоогийн байдлаар манай бүртгэлийн системд 2420 аж ахуйн нэгж, компани, байгууллага бүртгэгджээ. Цаашид ч Оюу Толгой төслийн барилгын шатны ажил үргэлжилж, үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр дээрх тоо тасралтгүй өснө гэж тооцоолж байгаа бөгөөд чанартай, шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх сонирхолтой байгууллагуудад Оюу Толгой ХХК нээлттэй байх болно.
Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Кийт Маршалл уг арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2010 оны 9 дугаар сарын 30-ны хооронд Оюу Толгой Барилгын Групп Монголын компаниудтай 272 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 345 ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Түүнчлэн дурдсан хугацаанд Барилгын групп дотоодын компаниудаас 1182 удаагийн захиалгаар 84.1 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдаж авсан нь нийт худалдан авалтын 80%-ийг эзэлж байна.” хэмээн онцлон дурдсан байна.
Барилгын шатанд голчлон захиалж буй бараа, ажил үйлчилгээг товч дурдвал:
- Ирээдүйн зэс-алтны баяжуулах үйлдвэрийн ган хийц, бетон цутгалт
- Ажилчид, гэрээт байгууллагын байр
- Босоо ам № 2-ын цамхагийн барилгын суурийн ажил
- Дизель цахилгаан станцын суурилуулалт
- Ирээдүйн ил уурхайн газар шорооны ажил
- Суудлын автомашины засвар үйлчилгээ, түрээс
- Кемпийн цогцолборын аж ахуй үйлчилгээ
- 4500 хүний багтаамжтай кемп, дагалдах байгууламжууд
- Ажиллах хүчин нийлүүлэх гэрээ
- Шатахуун тослох материалын агуулах, түгээх үйлчилгээ
- Захиалгат нислэгийн үйлчилгээ
- Кемпийн аюулгүй байдлын үйлчилгээ
- Зөвлөх инженерийн үйлчилгээ
- Дотоодын тээврийн үйлчилгээ
- Мэдээлэл холбооны технологийн үйлчилгээ, бүтээгдэхүүн
Арга хэмжээнд 130 гаруй компанийн төлөөлөгчид ирсэн бөгөөд тэдний дундаас аюулгүй байдлыг хангаж, тогтвортой үйл ажиллагаа явуулан, боловсон хүчнээ мэргэшүүлэн дадлагажуулж, чанартай, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлсэн зэрэг шалгуураар 14 компанийг өргөмжиллөө.
- Шилдэг өсөн хөгжиж буй ханган нийлүүлэгч (Ханбогд) – Өлзий мөнх овоо ХХК
- Шилдэг өсөн хөгжиж буй ханган нийлүүлэгч (Өмнөговь) – Даянбайгаль ХХК
- Шилдэг ханган нийлүүлэгч (жижиг бизнес) – Номгон гол ХХК
- Шилдэг ханган нийлүүлэгч (дунд бизнес) – Батсээр ХХК
- Шилдэг бүсийн ханган нийлүүлэгч – Эрдэнэт хивс ХХК
- Шилдэг ханган нийлүүлэгч – Эм Си Эс Электроникс ХХК
- Шилдэг ханган нийлүүлэгч – Геомандал ХХК
- Шилдэг хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэгч – Барилга корпораци
- Шилдэг мэргэшүүлэн дадлагажуулагч – Монгол-Солонгосын Техникийн коллеж
- Шилдэг нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулагч – Дары Солнца ХХК болон Цогт оршихуй ХХК
- Шилдэг шинийг санаачлагч – Ар Юу Си Монголиа ХХК
- Шилдэг цаг баримтлагч компани – Измон ХХК
- Шилдэг зөвлөгч компани – Агритийм ХХК
- Шилдгийн шилдэг компани – Өлзийт мөнхийн овоо ХХК
Холбогдох зургийн цомгийг энд дарж үзнэ үү.
Хариулт үлдээнэ үү